Search This Blog

Saturday, April 12, 2014

XX зууны Монгол дахь улс төрийн дэглэмийн асуудлаарх монголын эрдэмтдийн судалгаа

1. 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үеийн үзэл бодлын тойм

Товч утга: Энэхүү өгүүлэл нь XX зууны Монгол Улсад тогтож байсан улс төрийн ардчилсан бус дэглэмийн асуудлаар манай орны нийгмийн ухааны эрдэмтэдээс хийсэн судалгаа, дэвшүүлэн тавьсан үзэл санаа, дүгнэлтийн тоймыг улс төрийн сэтгэлгээний үүднээс авч үзсэн цуврал өгүүллийн эхнийх нь юм.  Зохиогч өгүүлэлд манай орны эрдэмтэд 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед туурвисан бүтээлүүддээ монгол оронд тогтож байсан ардчилсан бус дэглэмийн асуудлыг судалсан байдлыг өгүүлсэн болно.
Түлхүүр үгс: XX зууны Монгол Улс, улс төрийн ардчилсан бус дэглэм, авторитаризм, тоталитаризм, хэлмэгдүүлэлт
XX зууны Монгол Улсын түүхийн тодорхой үед тоталитар дэглэм тогтож байсан талаарх асуудлыг манай орны нийгмийн ухааны нэлээд эрдэмтэн 1990-ээд оны эхэн үеэс хөндөн тавьж, улмаар өөрсдийн бүтээлд авч үзэж судалгаа хийх болсон байна. Үүний үр дүнд эдүгээ эл асуудлын талаар тодорхой хэмжээний үзэл бодол, дүгнэлт боловсрогдон тавигджээ.
Асуудлыг авч үзэхдээ эрдэмтдийн үзэл бодол тусаж бичигдсэн холбогдох зохиол бүтээлийг тодорхой судалж шинжлэх ёстой бөгөөд тэгэхдээ эхлээд эл чиглэлийн судалгаа  хийгдэж эхэлсэн, асуудал хэрхэн тавигдсан ерөнхий чиг шугам, түүний өрнөлийн логикийг  ямар нэг хэмжээгээр тоймлон гаргах нь зүйтэй юм.
Манай улстай нэгэн адил урьд нь социалист байсан бусад улс, тухайлбал Орос Улстай харьцуулан үзэхэд манайд тоталитаризмын асуудал харьцангуй хожуу судлагдах болжээ. Оросын эрдэмтэд тоталитаризмын асуудлыг 1980-аад оны хоёрдугаар хагасаас “сталинизм”, “захиран тушаах хүнд суртлын систем” гэсэн томьёоллоор авч үзэх болсон бөгөөд төдийлөн удалгүй, 2-3 жилийн дараа тоталитаризмын тухай тогтсон ойлголт, өрнөдийн онол, арга зүйгээр тусгайлан судалж бие даасан ном зохиол, хэдэн арван өгүүлэл нийтлүүлж эхэлсэн байна.
Манай оронд XX зуунд тогтож байсан улс төрийн ардчилсан бус дэглэм, түүний түүхэн хувьсал, тодорхой үед тоталитаризм болж хувирсан үйл явцыг монголын эрдэмтэд анхааран үзэж судлахад зохих хэмжээний урьдач бэлтгэл судалгаа, цаг хугацаа шаардагджээ. 1980-аад оны дунд үеэс ЗХУ-д үүсэж явагдсан нийгмийн өөрчлөн байгуулалт, түүний чухал үзэл санаа болж өрнөсөн ил тод байдал, өргөн ардчилал, оршин буй дутагдал, саад бэрхшээлийг байгаагаар нь гаргаж тавих, өнгөрсөн түүхийг үнэн зөв танин мэдэж түүхэн үнэнийг сэргээн гаргах, үүний тулд нийгмийн ухааныг бүхэлд нь шинэчлэх зэрэг шинэ чухал зорилт тавигдсан хийгээд түүний хэрэгжилтийн алхмууд нь манай  оронд нөлөөлөн тусаж монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн асуудал 1987 оноос намын дээд удирдлагын түвшинд яригдах болсон байна. Тухайлбал тэр үеийн нам, төрийн тэргүүн Ж.Батмөнх 1987 оны 5 дугаар сарын дунд хуралдсан Монгол Үйлдвэрчний Эвлэлийн XIII их хурал дээр хэлсэн үгэндээ: <<Монголын ард  түмэн ЗХУКН-аас улс орондоо хэрэгжүүлж эхэлсэн хувьсаглт өөрчлөн байгуулалтыг чин сэтгэлээсээ талархан дэмжиж, түүний туршлагаас өөрийн үйл ажиллагааг шинэ санаа, шинэ эрч хүчээр сэлбэн баяжуулж байна. ... Өөрчлөн байгуулалт бол манай чиг баримжаа мөн>> гэжээ (1).
Тухайн үед нийгмийн сэтгэлгээний шинэчлэл, хүмүүсийн үзэл бодлын гол индэр болж байсан <<Үнэн>> сонин, “Намын амьдрал” сэтгүүлийн тэр үеийн дугааруудаас үзэхэд оршин буй нийгмийн байгууллын дутагдал, хуримтлагдсан саад бэрхшээл, хурц асуудал, түүхийн гажуудсан үнэнийг 1988 оноос бодит баримт, мэдээгээр сонины өгүүлэл, сурвалжилга, нийгэм-улс төрийн нийтлэл, иргэдийн бичсэн санал бодол болон улмаар судалгааны өгүүллүүдэд ил тод, зоримог байдлаар гаргаж тавих болсон байна. Тэдгээрт нам, төр, олон нийтийн байгууллага, ер нийт нийгэмд хүнд суртал, ажлын хөшүүн хойрго, хоцрогдсон арга барил газар авсан, ардчиллал хумигдсан, амьдралын үнэнийг ярьж бичихэд бэрх байгаа зэрэг асуудал гол сэдэв болж яригдах, бичигдэх болжээ. Энэ нь улмаар оршин буй социалист нийгмийг бүхэлд нь дорвитой шинэчлэх шаардлагатай юм гэсэн үзэл, дүгнэлтэд хүргэж, эрдэмтэд энэ дагуу юуг, яаж өөрчлөн шинэчлэх вэ, ер нь нийгмийг тийнхүү язгуураар шинэчлэхэд хүргэсэн түүхэн болон улс төрийн учир шалтгаан, дотоод гадаад нөхцөл байдал, хүчин зүйл юу байсан вэ гэсэн илүү гүнзгий асуудал тавьж тэр дагуу судалгаа хийх болсон байна.
Үүний үр дүнд Монгол Улс XX зуунд нийгмийн байгуулал, хөгжлийн зөвлөлт маягийн, сталинист загварыг сонгож замнасан бөгөөд энэ үеийн нийгмийн амьдралд гарсан гажуудал, алдаа бол гол нь улс төрийн тогтолцоонд байжээ, харин тэрхүү тогтолцоо бол мөн чанар, гол шинжүүдээрээ “сталинист”, “захиран тушаах хүнд суртлын систем” байсан бөгөөд түүний улмаас ардчилал хумигдсан, нийгмийн удирдлагад хүнд суртал тогтож ноёрхсон, хууль ёс зөрчигдөж нийгэмд бусад олон янзын гажуудал, алдаа, саатуулагч хүчин зүйлс бий болж хуримтлагдсан гэсэн ерөнхий үзэл санаа 1988 оны үед товойн гарч тавигдсан байна (2).
Нийгэм – улс төрийн шинэ, шүүмжлэлт сэтгэлгээ хөгжих, түүний дагуу манай эрдэмтэд монголын нийгмийг үнэн бодитойгоор танин мэдэх, өнгөрсөн түүхийн алдаа гажуудал, ардчилсан бус хатуу дэглэм үүсэн тогтож ноёрхсон асуудлыг судалж түүнээс улс төрийн дүгнэлт хийж сургамж авах, бүхэлдээ монголын нийгмийг цааш ардчиллын замаар өөрчлөн шинэчлэх онолын үзэл баримтлал боловсрогдож хөгжихөд 1988 оны 12 дугаар сарын 21-22 –нд хуралдсан МАХН-ын Төв Хорооны V Бүгд хурлаар <<Намын зохион байгуулалт, үзэл суртлын ажлыг сайжруулах шинэ зорилт>>-ын тухай асуудлыг хэлэлцэж чухал үзэл санаа, шүүмжлэлт үнэлэлт дүгнэлт гаргаж тавьсан явдал ихээхэн ач холбогдолтой болжээ. Энэ нь тухайн үед нийгмийн шинжлэх ухаан, эрдэмтдийн сэтгэлгээ, судалгаа нь бүрэн бие даагаагүй, чөлөөтэй биш, бүхэлдээ намын онолын сэтгэлгээ, албан ёсоор баримталсан үзэл суртлаас ихээхэн хараат байсантай холбоотой байв.
V Бүгд хурлаас сар гаруйн өмнө МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооноос энэхүү ээлжит Бүгд хуралд оруулж хэлэлцэх <<Намын зохион байгуулалт, үзэл суртлын ажлыг сайжруулах шинэ зорилт>>-ын тухай саналыг намын байгууллага, намын гишүүд, нийт хөдөлмөрчдэд толилуулж хэлэлцүүлэхээр <<Үнэн>> сонины 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №275 –д нийтлүүлжээ (3). Үүний дараа төвийн тогтмол сонинуудад дээрх санлаар, түүний дотор монголын нийгмийн өнгөрсөн түүхэнд улс төрийн хэлмэгдүүлэлт гарч олон мянган хүн амиа алдсан, нэг хүнийг тахин шүтэх явдал тогтож ардчилал ноцтой хумигдсан, амьдралын бодит үнэнийг ярьж бичих, хүмүүс санаа бодлоо чөлөөтэй ярьж илэрхийлэх эрх чөлөө хаагдмал байсаар ирсэн зэрэг улс төрийн авторитар, тоталитар дэглэмийн шинж илрэлийн баримт мэдээ, санал бодлыг хүмүүс олноор гарган тавьж илэрхийлжээ.
МАХН-ын Төв Хорооны V Бүгд хурал монголын социалист нийгмийг бүхэлд нь цогцолбор шинэчлэх, түүний дотор улс төрийн шинэтгэл хийх өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцсний хамт тус орны улс төрийн түүхэнд ардчилал эрс хязгаарлагдаж, захиран тушаах арга ажиллагаа хязгааргүй ноёрхох болсон, намд хамтын удирдлага хэрэг дээрээ алга болж, нэг хүний санал шийдвэр ноёрхсон, нам ба төрийн үйл ажиллагаа, эрх мэдлийн зааг ялгаа арилсан, улс төрийн хэлмэгдүүлэлт гарсан, сонгууль нэр төдий болж дээд удирдлагын томилолт болж хувирсан зэрэг ноцтой гажуудал, алдаа завхрал гарч байсныг илчлэн гаргаж, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын үйл ажиллагааны алдаа дутагдлыг шүүмжлэн заажээ (4). Энэ нь үүнээс өмнөх үед монгол оронд тогтож ирсэн ардчилсан бус дэглэм, нэг намын ноёрхлыг үзэл суртлаар зөвтгөн хамгаалж, энэ үеийн улс төрийн систем, төр бол жинхэнэ ардчилсан, социалист төр юм хэмээн сурталчилж байсантай харьцуулахад шийдвэртэй, зоримог, амьдралын үнэнийг шударгаар хүлээн зөвшөөрсөн улс төрийн шинэ, шүүмжлэлт сэтгэлгээний илрэл болсон байна.
V Бүгд хурлын шүүмжлэлт үзэл санаа, улс төрийн дүгнэлт, шийдвэр нь тус орны XX зууны түүхэнд тогтож байсан ардчилсан бус дэглэм, хэлмэгдүүлэлт, түүний дотор түүхэн бие хүмүүс, нам, төрийн зүтгэлтнүүдийн хэлмэгдэл, үзэл суртлын хатуу хяналт бүхий хүлээс, нэг хүнийг тахин шүтэх явдал, хууль ёс, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байсан хийгээд олон нийтийн байгууллага, ажил мэргэжлийн холбоод, нийгэмлэгүүд бие даасан байдлаа алдаж ганц намын үзэл суртал, удирдлагад захирагдаж ардчилал алдагдсан зэрэг үзэгдэл, үйл явцыг манай эрдэмтэд цааш ахиулан судлахад ихээхэн сэдэл түлхэц өгчээ. Үүний үр дүнд 1989 оноос дурдсан асуудлаар судалгаа, танин мэдэхүйн ач холбогдолтой олон арван өгүүлэл (5), улмаар бие даасан товхимол, өгүүллүүдийн эмхтгэл, судалгааны нэгэн сэдэвт бүтээл нэлээд нийтлэгдсэн байна (6).
1990 оны ардчилсан хувьсгалын ид өрнөлийн үед буюу мөн оны 4 дүгээр сард МАХН-ын Онц их хурал хуралдаж монголын нийгмийн тухайн үеийн бодит байдал, түүхэн замнал, түүний дотор олон арван жил тогтож ирсэн улс төрийн ардчилсан бус дэглэмд шинэ сэтгэлгээгээр шүүмжлэлт, үнэн бодитой дүн шинжилгээ хийж чухал үзэл санаа дэвшүүлэн тавьсан нь тэр үеийн нийгэм-улс төрийн сэтгэлгээнд зохих ёсны ач холбогдолтой болжээ. Энэ талаар Онц их хурлын илтгэлд: “... Нийгэм ийм байдалд орсон нь манай оронд болон ер нь социалист ертөнцөд бүрэлдэж тогтсон улс төрийн системтэй юуны өмнө холбоотой гэж үзэж байна. Сталинч маягийн энэ систем нь эрх баригчдыг олон нийтийн хяналтаас гаргаж, нэг хүнийг тахин шүтэх, захиран тушаах, үнэнийг монопольчлох, зөрүүтэй үзэл бодлыг нухчин дарах зэрэг олон сөрөг үзэгдэл газар авахад хүргэсэн юм. ... Манай намыг олон жил толгойлсон Ю.Цэдэнбал сталинизмыг монгол оронд тэтгэн батжуулах ажлыг бүх талаар санаачилга тавин хэрэгжүүлсэн, ганц хүний дураар авирлах хүнд сурталт ёсыг тогтоож, эрх тушаалаа хамгаалан бэхжүүлэхэд бүхнийг захируулсан нь МАХН-ын бодлого, чиг шугамыг гажуудуулахад хүргэсэн юм.  Гэхдээ алдаа дутагдлыг намын удирдагч ганц нэг хүнд хамааруулаад, нам ерөөс алддаггүй мэтээр үзэж болохгүй. Нэгэнт намын удирдагч алдаатай чиг бодлого баримталж, түүнийг намын удирдах байгууллага дэмжин баталж, улмаар намын олон нийт мэргэн зөв бодлого хэмээн хүлээн авч байсан болохоор нам ч алдаж байсан хэрэг шүү дээ. Үүнийг манай нам шударгаар хүлээж, алдаандаа дүгнэлт хийх ёстой” (бид товчлов. – Ж.Ж.) гэжээ (7).
Илтгэлийн энэ хэсэгт манай оронд тогтож ирсэн улс төрийн ардчилсан бус тэрхүү дэглэмийг улс төрийн шинжлэх ухаанд хэвшин тогтсон “авторитаризм”, эсвэл “тоталитаризм” гэсэн ойлголт, нэр томьёогоор тодорхой оноож нэрлээгүй, “сталинч маягийн систем”, “сталинизм” гэсэн нь тэр үед манайд улс төр судлал хараахан үүсээгүй, авторитаризм, тоталитаризмын тухай онолын үзэл баримтлалтай танилцан судалж амжаагүй байсантай зарим талаар холбоотой байсан болов уу. Нөгөө талаас энд бидний иш татасан зохиол бол эрдэм шинжилгээний бүтээл биш, намын улс төрийн баримт бичиг болохыг анхааран тооцох хэрэгтэй юм. Гэхдээ гадаадын эрдэмтдийн ихэнх нь сталинизм бол улс төрийн дэглэм болохын хувьд тоталитаризм байсан гэж үзсээр ирсэн бөгөөд мөн оросын эрдэмтдийн олонх нь 1980-аад оны төгсгөлд тийнхүү үзэж ойлгох болсон байв.
МАХН-ын Онц их хурлаас Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдийн үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх комисс байгуулан судалгаа хийлгүүлсний үр дүнг МАХН-ын Төв Хорооны III Бүгд хурлаар 1990 оны 6 дугаар сарын эцсээр авч хэлэлцжээ. Тус комиссын дарга, доктор Б.Сумьяагийн тавьсан <<Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдийн үйл ажиллагаанд өгөх улс төрийн дүгнэлт>> гэсэн илтгэлд манай оронд 1950 – иад оны эхнээс 1980 – аад оны дунд хүртэл тогтож байсан улс төрийн дарангуй дэглэм, түүний бэхжилт ноёрхолд Ю.Цэдэнбал болон түүнийг тойрон хүрээлсэн нам, төрийн өндөр албан тушаалтан удирдах хүмүүсийн оролцоо, үүргийг шүүмжлэлт сэтгэлгээгээр дэлгэрэнгүй авч үзсэн байна. Илтгэлд: “Манай оронд тогтсон ганцаар захирах хүнд сурталт дэглэм нь хэрэг дээрээ ЗХУ дахь социализмын сталинч загвар, түүний улс төрийн харилцааны шууд хуулбар байсан юм. Удирдлагын хүнд сурталт тэрхүү тогтолцооны нэг онцлог нь нэг буюу цөөн хүн нам, төрийн дээд албан тушаалд олон арван жилээр сууж өргөмжлүүлэн, олон нийтийн хараа хяналтаас бүрэн гарч, дур зоргоороо аашилж байх нөхцөлийг үзэл суртал, зохион байгуулалт, хууль зүйн талаар бүрдүүлдэгт оршиж байв. Монголд нэг хүний ганцаар захирах дэглэм хэрэг дээрээ Х.Чойбалсанг тахин шүтэж байх үед төр – намын тогтолцооны хэлбэрээр төлөвшин тогтсон бөгөөд Х.Чойбалсанг нас барсны дараа 1952 онд БНМАУ-ын ерөнхий сайд болсон Ю.Цэдэнбал нэг хэсэгтээ түүнийг хэвээр өвлөн үргэлжлүүлж байлаа. ... БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1958 онд Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болж, ингэснээр мөнөөхөн төр – намын тогтолцоо нам – төрийн тогтолцоо болон цаашид төржсөн нам болох замд орсон байна. ... Улс орон, ард түмнээ гэсэн дэвшилт үзэл бодол, мэдлэг боловсрол бүхий хүмүүсийг хэд хэдэн удаагийн бүгд хурлаар намын удирдлагаас шахан зайлуулснаар 1965 он болоход Ю.Цэдэнбалын ганцаар захирах хүнд сурталт дэглэм бүрэн ноёрхох болжээ. Энэ дэглэмийг дэмжигч гол хүч нь ард түмэнд үл итгэн, олон түмнээсээ тасран холдож, нийгмийн удирдлагын ардчилсан хэлбэрээс болгоомжлан цэрвэж байсан Намын Төв Хороо, түүний Улс төрийн Товчоон дахь хуучныг баримтлагчид, өндөр албан тушаалаа хадгалахыг эрмэлзэгчид байв” (бид товчлов. – Ж.Ж.) гэж дүгнэжээ (8). Илтгэлд тийнхүү дурдсан үеийн улс төрийн дэглэмийг “Ю.Цэдэнбалын ганцаар захирах хүнд сурталт дэглэм” гэж тодорхойлсон байна.
Илтгэлийн үзэл санаа, үнэлэлт дүгнэлт нь манай оронд 1950-иад оноос хойш тогтож ирсэн улс төрийн дэглэмийг үзэж ойлгох, эрдэмтэд цааш судлан шинжлэхэд багагүй нөлөөлсөн нь эрдэмтдийн хожмын бүтээлүүдээс ажиглагдаж байгаа юм.
Дээр өгүүлсэн зүйлийг бүхэлд нь товчилж үзвэл 1980-аад оны сүүлч үеэс 1990-ээд оны дунд хүртэлх үед дурдсан асуудлаар хийгдсэн судалгаа, нийтлэгдэж гарсан бүтээлүүдэд нь хэдийгээр тус орны XX зууны түүхэнд авторитар, эсвэл тоталитар дэглэм тогтож байсан эсэх тухай асуудал тодорхой тавигдаагүй ч гэсэн тэдгээр бүтээл нь манай орны 1921 оноос хойшихи улс төрийн түүх, улс төрийн систем, ер нь социализм гэж нэрлэж ирсэн нийгмийн байгууллыг бодитой судалж илүү тодорхой таньж мэдэхэд чухал ач холбогдолтой болсон бөгөөд улмаар XX зууны Монгол Улсад тогтож ирсэн улс төрийн дэглэмийг <<сталинизм>>, <<захиран тушаах хүнд суртлын тогтолцоо>>, <<нэг хүний ганцаар захирах дэглэм>>, эсвэл <<нэг хүнээр толгойлуулсан бүлэг хүмүүсийн дэглэм>> гэсэн явцуу утгатай ойлголт бүхий нэр томьёогоор илэрхийлж авч үзэх явдлаас татгалзаж, <<авторитаризм>>, <<тоталитаризм>> гэсэн улс төрийн шинжлэх ухааны тогтсон тодорхой ойлголт, үзэл баримтлалын үүднээс судлах шинэ шатны судалгаанд шилжин орох нэг ёсны “шилжилтийн” шинж агуулгатай, цаашдын тусгайлсан судалгааны урьдач бэлтгэлийг хангасан бүтээлүүд байжээ гэж үзэж болохоор байна. Ер нь эл чиглэлийн судалгаанд ялангуяа манай түүхч эрдэмтэд эхнээсээ хошуучлан оролцож, цаашид ч жинтэй хувь нэмэр оруулжээ.

III.2 1990 – ээд оны үеийн судалгаа:
үзэл санаа, дүгнэлт

1990-ээд оны эхний хагаст манай нийгмийн ухааны чиглэлээр нийтлэгдэж гарсан холбогдох ном зохиолыг анхааран үзэхэд 1921-1990 оны хооронд Монгол Улсад улс төрийн ямар дэглэм бүрэлдэн тогтож, хувьсаж ирсэн вэ гэсэн асуудлыг түүний  өөрийн нь утга агуулгаар дэвшүүлэн тавьж авч үзсэн анхны томоохон бүтээл бол доктор М.Санждоржийн удирдсан эрдэмтдийн багаас бэлтгэж ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн 1995 онд хэвлүүлсэн “Хорьдугаар зууны Монгол” (Түүхийн тойм) гэсэн хамтын бүтээл юм. Бүтээлд XX зууны Монгол Улсын улс төр, нийгэм-эдийн засаг, оюун санаа – соёлын амьдралын түүхийг шинэлэг байдлаар, цогцоор шинжлэн судалсны дотор 1930-аад оны дунд үеэс төр, засаглалын төвлөрөл хүчтэй болж нэг хүнийг тахин шүтэх болсон, ардчилал хумигдаж хууль ёс завхарсан, улс төрийн хилсдүүлэл өргөжсөнийг “улс төрийн дэглэм” гэсэн ойлголтоор зангидан авч үзэж, тэдгээрийн харилцан уялдаатай илэрхийлэл болж тоталитаризмын шинжүүдийг агуулсан улс төрийн авторитар дэглэм тогтон ноёрхож байгаад 1990 оны ардчилсан хувьсгалаар унасан гэсэн үзэл санааг гарган тавьжээ. Эдгээр асуудлыг доктор С.Дамдинсүрэн бүтээлийн III бүлэг, М.Санждорж IV бүлэгт авч үзснийг тоймлон өгүүлье.
1930-аад оны эхний хагаст Япон улс БНМАУ-д халдан довтолж Халхын гол орчмын газар нутгийг булаан эзэлсэн, нөгөөтэйгүүр мөн эл үед ЗХУ, Коминтерны Монголын талаар явуулсан зөвлөлтчлөх бодлого хүчтэй болсон зэрэг гадаад нөхцөл байдал, түүнтэй уялдаж бий болсон дотоодын ээдрээтэй үйл явдал, хүчин зүйлийн нөлөөгөөр 1937 оны үеэс ардчилалд эрс харш бөгөөд ганцаар захирах дэглэмд хууль зүйн хэмжээгүй эрх эдлэх бололцоо олгосон, улс төрийн хэлмэгдүүлэлт өргөжсөн, Сталин тэргүүтэй зөвлөлтийн удирдагчид, ЗХУ-ын ДХАК (Дотоодыг Хамгаалах Ардын Комиссариат) Х.Чойбалсангаар толгойлуулан бий болгосон ганцаар захирах дэглэмийг ашиглаж БНМАУ-ын төрийн дээд эрх барих байгууллага, МАХН-ын удирдах байгууллагуудыг устгаж дарангуйлалд шилжсэн эргэлт хийсэн, Монгол орны нийгмийн амьдралын бүх хүрээнд тодорхой бие хүнийг тахин шүтэх тогтолцоог зориудаар бий болгож төлөвшүүлсэн, энэ байдал 1940-өөд онд мөн үргэлжилж МАХН-ын үзэл суртал, хүмүүжлийн ажилд үндэсний  ардчилсан агуулга алдагдаж монгол суртахуун, түүх, соёлын өвөө сэргээх гэсэн илрэл бүхнийг үндэсрхэх хорт үзэл мэтээр хардаж хавчин боож байсан, товчоор хэлбэл 1930-1940-өөд онд Монгол Улсад улс төрийн дарангуй дэглэм тогтсон гэсэн үзэл санаа бүхий дүгнэлтийг доктор С.Дамдинсүрэн гарган тавьжээ (9,67-81). Тэрбээр энэ үеийн дэглэмийг авторитар, эсвэл тоталитар гэж тодорхой нэрлэж заагаагүй, “ганцаар захирах дэглэм”, “дарангуйлал” гэсэн нэр томьёог хэрэглэсэн байгаа боловч тоталитаризмд байдаг шинж чанарууд тухайн үед голлож илрэн гарч байсныг түүхийн баримтаар авч үзсэн байна.
Доктор М.Санждорж “Социалист байгуулалтын үеийн улс төрийн амьдрал” гэсэн 4 дүгээр бүлэгт 1950-иад оноос урьдын улс төрийн хэлмэгдүүлэлт зогссон, нэг хүнийг тахин шүтэх явдлыг дахин гаргахуулахгүй байх, намын хамтын удирдлагын зарчмыг бэхжүүлэх талаар тодорхой алхам хийгдсэн, 1960 онд шинэ Үндсэн хууль батлагдсан зэрэг ахиц дэвшил гарснаар 1950-иад оноос хойших улс төрийн амьдрал өмнөх 1930-1940-өөд оныхоос ихээхэн ялгаатай болсныг тодорхой авч үзээд тэгэхдээ 1990 он хүртэлх үед тус оронд улс төрийн авторитар дэглэм тогтон ноёрхсон гэжээ. Эрдэмтэн тийнхүү авторитар дэглэм тогтоход хүргэсэн түүхэн нөхцөл байдал, гол үйл явдал, хүчин зүйлсийг дараах байдлаар авч үзэж дүгнэн өгүүлжээ. 1960 онд батлагдсан Үндсэн хуулинд МАХН-ын нийгэмд эзлэх байр суурь, удирдан чиглүүлэгч үүргийг онцлож тусгайлан заасан явдал МАХН-д нэн хариуцлагатай үүрэг оногдуулсны хамт бас намын дээд удирдлагад асар өндөр эрх мэдэл олгосон, энэ нь нэлээд тохиолдолд сөрөг үр дагаварыг бий болгож байсан (9,83-84); намын амьдрал, үйл ажиллагаанд гарсан өөр нэг гажуудал бол намын их хурлууд (1960-1990 онд МАХН-ын 6 удаагийн их хурал хуралдсныг заажээ) Намын Төв Хорооны үйл ажиллагааг магтан сайшааж, нэгэн ижил утга санаатай шийдвэр гаргаж, ихэнхдээ тогтмол цөөхөн хүний (116-138 хүн) бүрэлдэхүүнтэй Төв Хороо, түүний Улс төрийн товчоог (9-10 гишүүн) сонгож байсан, үүний дээр их хурлын төлөөлөгчдийг дээрээс шилж сонгон авч “сонгуулдаг”, хурал дээр тэдний хэлэх үгийг урьдчилан хянаж зохицуулдаг, шүүмжлэл хязгаарлагдмал, их хурлууд эдгээр шинжээрээ намын олон арван мянган гишүүдийн их хурал бус, харин Цэдэнбалчуудын дэглэсэн нэгэн зүйл улс төрийн арга хэмжээ болдог байсан (9,85); улс төр, зохион байгуулалтын удирдлагад шүүмжлэл, өөрийн шүүмжлэлийг чухал хэрэгсэл гэж үзэж, түүнийг зарим үед кампаний шинжтэй болгож өрнүүлж байсан, тэгэхдээ шүүмжлэл дээшээ биш доошоо хандсан, хэрэв дээшээ хандвал түүнийг намын эсрэг, намын эв нэгдлийн эсрэг хэрэг гэж үздэг, шүүмжлэгчдийг ажлаас зайлуулах зэргээр ямар нэгэн арга хэлбэрээр хилсдүүлдэг болсон (9,89); Маршал Чойбалсанг нас барсны дараа нам төрийн дээд удирдлагын доторх эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэлд Ю.Цэдэнбал ялж байр сууриа бэхжүүлсэн, түүгээр толгойлуулсан дээд удирдлага өөрийн бодлого, үзэл бодлоо туйлын үнэн, ганц зөв зүйл хэмээн үзэж өөр үзэл бодлыг харгислан дарж байсан, Д.Төмөр-Очир, Л.Цэнд, Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарыг “намын эсрэг бүлэг” хэмээн үзэж тэднийг болон бусад олон арван хүнийг хэлмэгдүүлсэн, ерөөс 1950-иад оны сүүлчээс 1980-аад оны эхэнд Цэдэнбалын дэглэм тогтсон (9,93-95); тэгэхдээ “...Цэдэнбалын дэглэм Чойбалсангийн дэглэм хоёрыг нэгэн төвшинд тавьж, ижил тоталитар гэж нэрлэж боломгүй байна. Чойбалсангийн үед ганц түүний захиргаадалт байсан бол Цэдэнбалын үед амьдаар нь тарчилгадаг, нэр төрийг нь хугалан залхаадаг болжээ. ... Ю.Цэдэнбал тэргүүтэй явцуу бүлгийн (Цэдэнбализм) дэглэм нь улс орны хөгжил дэвшил, нийгмийн амьдралын бүх салаа салбарт ноцтой гажуудал буй болгож хор хохирол учруулсан байна” гэж бичжээ (9,96-97).
М.Санждорж гуай түүнчлэн 1950-1980-аад оны эхэн үед нийгмийн сэтгэлгээ, онолын салбарт үзэл суртлын догматизм тогтсон; хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийн үйл ажиллагааг нам хянаж шалгадаг болсон; шинжлэх ухаан, соёл урлаг, уран зохиолыг үзэл сурталд тулган тохируулж байсан; олон тооны зохиолч, уран бүтээлч, нийгмийн ухааны эрдэмтдийг улс төр, үзэл суртлаар хилсдүүлсэн (9,97-98); ерөөс төрийн диктатур тал давамгайлж, ардчилал тал нь хумигдсан; ардчилал ор нэр төдий болж Ардын Их хурлын ба орон нутгийн хурлын олон удаагийн сонгууль нь “томилолт” байсан; МҮЭ, МХЗЭ зэрэг олон нийтийн байгууллага, уран бүтээл, мэргэжлийн холбоод МАХН-ын мэдэлд байж бие даасан байдлаа алдсан (9,99-100); энэ бүхний нийлбэр үр дүнд 1950-1980-аад онд тус оронд улс төрийн авторитар дэглэм тогтсон гэж дүгнэн үзжээ (9,101).
Дээр иш татсан зүйлээс үзвэл М.Санждорж 1930-1940-өөд онд Чойбалсангийн үед тус оронд тоталитар дэглэм тогтож байсан гэж үзсэн нь тодорхой байна. Тэгэхдээ 1950-1980-аад оны үед манай оронд тогтож байсан улс төрийн дэглэмийн гол шинжүүдийг түүний авч үзэж гарган тавьснаар нь хандаж дүгнэвэл эл үеийн дэглэм нь тоталитаризм байжээ гэж үзэж болохоор байна.
Эрдэмтэн асуудлыг авч үзсэн бүлгийн төгсгөлд 1980-аад оны сүүлчээр “... хүнд суртал, захиран тушаах систем дор залхаж гүйцсэн олон түмний дургүйцэл улам ч шатсан, ... нэргүй “хаад”, “ноёдын” дарангуйллыг унагаж, ардчилал, эрх чөлөөг эрхэмлэх зорилго эрмэлзэлтэй эвсэл, бүлэг энд тэнд буй болсон, дээдэс урьдын адил дарангуйлан захирах чадвар хүчээ, доодос урьдын адил толгой бөхийн хүлцэнгүй байх тэвчээрээ нэгэнт алдаж, 1990 оны үндэсний ардчилсан хувьсгал улс төрийн авторитар дэглэмийг унагасан” (бид товчлов. Ж.Ж.) гэж бичжээ (9,102).
Эдгээр эрдэмтний бичсэн зүйлээс үзэхэд тэдний аль аль нь улс төрийн авторитар ба тоталитар дэглэмийн чанарын ялгаа, онцлог шинжүүдийг хооронд нь зааглаж тодруулахад төдийлөн анхаарал хандуулаагүй байдал ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь эрдэмтдийн зарим үзэл бодол, дүгнэлт нь хоёрдмол утга санаатай болоход нөлөөлсөн тал байна. Тухайлбал, М.Санждорж гуай “Цэдэнбалчууд <<намын эсрэгийг дарж аваад албан тушаал, байр сууриа бэхжүүлж, <<айдагаа авдарандаа хийжээ>>. Маршал Х.Чойбалсанг нас барснаас хойш улс оронд нэгдүгээр хүн болж, их эрх мэдэл эдэлж байсан Ю.Цэдэнбал өөрийнхөө албан тушаалд саад хийж болох хүмүүсийг удаа дараа зайлуулж ганцаараа товойж тодорсон <<удирдагч>> болжээ. Ерөөс нэхэн хянаваас 1930-аад оны эхэн үеэс өндөр дээд тушаалтныг хүндэт удирдагч хэмээн өргөмжлөх болсон бөгөөд П.Гэндэн, Х.Чойбалсан зэрэг хүмүүсийн тэр өргөмжлөл Ю.Цэдэнбалд бас оногджээ. Тоталитар шинжтэй дэглэмийн үед байдаг ийм өргөмжлөл - <<вождизм>> манай хойшдын түүхэнд бүү гараасай билээ !! ... Цэдэнбалыг шадарлагчид нь 1960-1970-аад онд хайрт удирдагч, 1980-аад оноос монголын ард түмний алдарт хөвгүүн, БНМАУ-ын нам, төрийн гарамгай удирдагч, социализмын төлөө цогтой тэмцэгч, шалгарсан марксч-ленинч хэмээн цоллож ... байсан төдийгүй 1970-аад оноос олон улсын коммунист ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн гэх болжээ” (бид товчлов. – Ж.Ж.) гэж бичсэн нь (9,95) Цэдэнбалын үед буюу 1960-1980-аад оны эхэн үед манай оронд тогтож байсан улс төрийн дэглэм нь зарим талаараа тоталитар шинжтэй байсан гэсэн санааг агуулжээ.
Эл хамтын бүтээл бүхэлдээ XX зууны Монгол улсын түүхийг 1990 оны ардчилсан хувьсгалын дараа шинэ байдлаар, өмнөх үеийн хэвшмэл болсон онол, арга зүйгээс ондоо, чөлөөт сэтгэлгээгээр судалж тоймлон дүгнэх зорилт тавьсан анхны томоохон бүтээл болсноороо, түүний дотор XX зууны монголын нийгмийн улс төрийн амьдрал, улс төрийн түүхийг “улс төрийн дэглэм” гэсэн ойлголтоор авч үзэж манай оронд авторитар болон тоталитар дэглэм тогтож байсан гэсэн үзэл санаа бүхий дүгнэлтийг гаргаж тавьснаараа эрдэм шинжилгээний чухал ач холбогдотой болсон, мөн дурдсан асуудлаарх дараагийн судалгаанд сэдэл түлхэц өгсөн байна.
(Үргэлжлэл дараагийн дугаарт)







Ном зүй

1.      МҮЭ-ийн XIII их хурал дээр нөхөр Ж.Батмөнхийн хэлсэн үг. - <<Үнэн>>. 1987.5.15. № 116
2.      Дурдсан асуудлаар сонин, сэтгүүлд олон арван өгүүлэл нийтлэгджээ. Энд тэдгээр бүгдийг нэр зааж ишлэхэд урт болох тул судалгааны чанартай заримыг нь дурдвал:
-       Зардыхан К., Дашдаваа С., Цэгмид Я. Өөрчлөн байгуулалт: БНМАУ-ын хөгжлийн зарим асуудал. - <<Намын амьдрал>>. 1987, №12, 15-27 дахь тал.
-       Зардыхан К., Дашдаваа С. Шинэчлэлийн үеийн нийгмийн зөрчлийн зарим асуудал. - <<Намын амьдрал>>. 1988, №10, 8-16 дахь тал
-       Гомбосүрэн Ц., Түдэв Ш. Ардчиллыг хөгжүүлэх асуудалд. - <<Намын амьдрал>>. 1988, № 10, 16-24 дэх тал
-       Совд Г.Ардчилал, ил тод байдал, хууль. - <<Намын амьдрал>>. 1988, №10, 24
-       Дашням И. Социалист ардчилал, ард түмний өөрөө удирдах ёс. - <<Үнэн>>. 1988.1.2. №2
-       Лигдэн Б.Нийгмийн улс төрийн системийг боловсронгуй болгох асуудалд. - <<Үнэн>>. 1988.10.4.№238
-       Бямбасүрэн Д. Эдийн засаг дахь хүнд суртлын саатуулагч механизмыг өөрчлөх асуудалд. - <<Үнэн>>. 1988.9.20. №226
-       Чимид Б. Төрийн байгуулалтад хийх өөрчлөлт шинэчлэл. - <<Намын амьдрал>>. 1988, №8, 30-36 дахь тал (эл өгүүллийн үргэлжлэл мөн <<Намын амьдрал>> сэтгүүлийн 1989 оны №9-ийн 6-12 дахь талд нийтлэгджээ).
-       Дашдаваа С. Үзэл бодлоо илэн далангуй илэрхийлэх тухайд. – “Үнэн”. 1988.9.16. №223
-       Л.Зориг. Өрлөг жанжин Дэмид. – “Улаан од”. 1988.4.23. №33
-       Дашжамц Д. Гуйвшгүй тэмцсэн зүтгэлтэн А.Амар. – “Үнэн”. 1988.11.20. № 279
-       Базаррагчаа Б. Анандын Амар. – “Үнэн”. 1988.11.20. №279
-       Цанлиг Л. “Лхүмбийн хэргийг” зохиосон нь. – “Үнэн” 1988.11.27. №285.
-       А.Думбурай. Хилсээр цаазлагдсан Ноостын Элээ. – “Хөдөлмөр”. 1988.12.6. №135
-       Бямбажал Г. Хорлоогийн Чойбалсангийн хар, цагаан хөөрөг. – “Үнэн”. 1988.12.18. №303
3.      Намын зохион байгуулалт, үзэл суртлын ажлыг сайжруулах шинэ зорилт (МАХН-ын Төв Хорооны ээлжит бүгд хуралд оруулах Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны санал). - <<Үнэн>>. 1988.11.16. № 275
4.      МАХН-ын Төв Хорооны V Бүгд хурал. 1988 оны 12 дугаар сарын 21-22. УХГ, УБ., 1988, 32-34, 64-69 дэх тал.
5.      Минис А. Түүхэн замналдаа ил тод, бодитой дүгнэлт хийе. – “Үнэн”. 1989. 1.14. №12
-       Лхамсүрэн Б. Өөрчлөн байгуулалтын онолын баримтлалыг боловсруулах асуудалд. – “Үнэн”. 1989.1.24.№20
-       Чунагсүрэн Ж. Онолын ойлголтоо тодорхой болгох асуудалд. – “Үнэн”. 1989.11.22. №279 (Тайлбар: Зохиогч эл өгүүлэлдээ улс төрийн дэглэм гэсэн ойлголтын оронд “нийгмийн дэглэм” гэсэн ойлголтыг хэрэглэж Монгол Улсад бодит байдал дээр “сталинист, хүнд сурталт захиргааны дэглэм бүхий систем тогтон ноёрхож ирсэн, тэр нь  нийгэм, улс төр, философийн сэтгэлгээ, хүмүүсийн үзэл ухамсар, амьдрал үйл ажиллагаа, бүхэлдээ нийгмийн амьдралыг хатуу хянан дэглэж ирсэн, нэг үгээр хэлбэл манай оронд тоталитар дэглэм тогтож ирсэн гэсэн үзэл санааг гарган тавьсан байна”)
-       Гүндсамбуу Х. Өөрчлөн байгуулалтын хувьсгалт мөн чанар. – “Үнэн”. 1989. 12.5. № 290
-       Баасанжав Ц. Захиргаадах арга барилыг гэтлэн давахад. – “Намын амьдрал”. 1989, №4, 28-34 дэх тал.
-       Түдэв Ш.Улс төрийн системийн шинэчлэлийн асуудалд. – “Намын амьдрал”. 1989, №11, 12-19
-       Түмэнжаргал Д. Өөрчлөлт шинэчлэлийн үзэл санааны зарим талууд.
-        Намын амьдрал. 1989, №11, 19-22
-       Даш – Ёндон Б. Социализм ба БНМАУ. – “Намын амьдрал”. 1989, №12, 3-11 дэх тал
-       Баянжаргал Ч. Хувийн өмчийг үзэх асуудалд. – “Намын амьдрал”. 1989, №12, 56-61 дэх тал
-       Лонжид З., Ичинноров С.Ерөнхий сайд А.Амар. – “Намын амьдрал”. 1989, №2, 67-75 дахь тал.
-       Бат-Очир Л. Анхны долоогийн нэг. – “Намын амьдрал”. 1989, №7, 69-79 дэх тал
-       Даш Д. Солийн данзан. – “Намын амьдрал”. 1989, №10, 65-77 дах тал
-       МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны комисст. – “Үнэн”. 1989.9.20. №225. Тайлбар: МАХН-ын Төв Хорооны V Бүгд хурлын (1988.12. 20-21) тогтоолоор байгуулагдсан МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны “Хилсээр хэлмэгдэгсдийг цагаатгах тусгай комисс” – оос гаргасан энэ мэдээнд 1930-1940-өөд онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн нам, төрийн зүтгэлтэн бүхий нийт 12 хүнд холбогдох хэргийг тус комисс судлан авч үзэж цагаатгасан, намын гишүүнийг сэргээн тогтоосон тухай, түүнчлэн зөвхөн 1937-1939 онд Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 50 удаагийн хурлаар хилс хэрэгт 25785 хүнийг холбогдуулан 20039 хүнд цаазаар авах, 5746 хүнд янз бүрийн хугацаагаар хорих ял тус тус ногдуулж байсан нь одоогоор тодорхой болоод байгааг мэдээлж үнэлэлт дүгнэлт өгчээ.
-       Бямба Ж. “Чимэг болон хайрлагдсан Чойбалсан” (Улс төрийн хөрөг). – “Утга зохиол, урлаг”. 1989.11.10. №46, Үргэлжлэл. – 1989.11.17.№47
-       Бямба Ж. “...Шалгарсан гарамгай удирдагч Ю.Цэдэнбал” (Улс төрийн хөрөг). – “Утга зохиол, урлаг”. 1990.1.5. №2, Үргэлжлэл. – 1990.1.12. №3
-       Бандийн Сурмаажав. Хэлмэгдүүлэгч, хэлмэгдэгчийн харьцаа ийм байсан. – “Хөдөлмөр”. 1990.1.25. №11
-       Дашдаваа Ч. Л.Цэндийг намын удирдлагаас зайлуулсан нь. – “Үнэн”. 1990.4.1. №78
6.      Шинэчлэлийн тухай өгүүллүүд. УБ., 1989.
-       БНМАУ-ын улс төрийн тогтолцооны шинэчлэл. УБ.,1990
-       Даш Д. Солийн Данзан. УБ., 1990
-       Баабар Б.Бүү март ! (Мартвал сөнөнө). УБ., 1990
-       Чулуунжав Д. Ю.Цэдэнбалыг хэн зайлуулсан бэ ? (1984-1990 он). УБ., 1990
-       Зардыхан К., Чулуунбаатар Г. Социализм уу ? Эсвэл хөгжлийн гажил уу ? УБ., 1991
-       Бат –Очир Л. Бодоо сайд: үзэл ба үйлс. УБ.,1991
-       Баттогтох С. Нууц хуйвалдаанаас нугалаа завхралд. УБ., 1991
-       Агваан Ш. Х.Чойбалсан ба Дотоод явдлын яам. Редактор Г.Дүйнхэржав. УБ.,1991
7.      МАХН-ын Онц их хурал. 1990 оны дөрөвдүгээр сарын 10-13. УХГ, УБ., 1990, 11-12 дах тал.
8.      Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдйн үйл ажиллагаанд өгөх улс төрийн дүгнэлт. – МАХН-ын Төв Хорооны III (1990) Бүгд хурал дээр МАХН-ын онц их хурлаас байгуулагдсан комиссын дарга Б.Сумьяагийн тавьсан илтгэл. – “Үнэн”. 1990.6.30. №155
9.      Хорьдугаар зууны Монгол. Түүхийн тойм. УБ., 1995


No comments:

Post a Comment