Search This Blog

Wednesday, April 27, 2011

Улс төрийн тухай ойлголт


Улс төр гэж юу вэ ? Энэ асуултанд бид  нэгдүгээрт, тодорхой бүлэг хүмүүст хандсан нийтлэг шийдвэр гаргахыг, хоёрдугаарт, нэг хүн эсвэл бүлэг хүмүүс өөр нэгэн бүлэг хүмүүс эсвэл хувь хүний үйл байдалд нөлөөлөхийн тулд эрх мэдлийг хэрэглэх явдал юм гэсэн хариултыг хялбархан өгч болно. Гэхдээ асуудал үүгээр дуусахгүй. Улс төрийн шинжлэх ухаанд улс төр, улс төрийн бодлого, улс төрийн үйл ажиллагаа, улс төрийн ертөнц, улс төрийн амьдрал, улс төрийн хүрээ, салбар гэсэн ойлголт, нэр томьёог хэрэглэж байна. Гэтэл эдгээрийн аль нь суурь, цөм бүхий ойлголт, аль нь түүнээс урган гарсан үүсмэл, салаа ойлголт вэ, тэдгээрийн тус бүрийн цаана нь үнэхээр бие даасан, мөн чанарлаг өөр өөр бодит байдал оршиж байна уу, эсвэл тэдгээр нь нэгдмэл нэг үзэгдлийг өөр өөр талаас нь тусгаж илэрхийлсэн, нэрлэж тэмдэглэсэн зөвхөн нэр томьёоны асуудал уу гэдгийн хариу тайлбар төдийлөн хангалттай биш байна.
Улс төрхэмээх нэр томьёо нь эртний грек хэлний “politika” (төрийн, нийгмийн үйл хэрэг) гэсэн үгнээс гаралтай юм.  Хэл зүйн хувьд монгол хэлний улс, төр гэсэн хоёр үг нийлж аль нэг улс нь бие даасан улс орон байхын тулд заавал төртай байх, төр нь төр байхын тулд заавал улс оронтой байх, улс орныг төр нь засаглан захирч, төлөөлдөг тухай гүнзгий утга санааг илэрхийлж байгаа нь улс төрийг үзэж ойлгох өрнөдийн болон бусад чиглэлийн үзэл баримтлал, ойлголттой утга агуулга үндсэндээ нийцэж байна.
Улс төр, улс төрийн бодлого хоёр хоорондоо ялгаатай юу, эсвэл хоёр өөр үгээр илэрхийлсэн нэг зүйл үү гэсэн асуулт тавигдаж түүнд өөр өөр хариулт өгдөг тохиолдол гардаг. Орчин үеийн улс төрийн шинжлэх ухаан эдгээр ойлголт хоорондоо нягт холбоотой боловч мөн чанараараа хоёр өөр үзэгдлийг тус тусд нь илэрхийлнэ хэмээн үздэг.
Англи хэлэнд, мөн түүнчлэн өрнөдийн улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн олон янз байдлыг “Polity”, “Policy”, “Politics” гэсэн гурван бие даасан нэр томьёогоор тодорхойлдог.
Полити нь (Polity) төр, нийгмийн улс төрийн байгууллага, илүү өргөн утгаараа улс орны бүх хүн ам, засаглалыг хэрэгжүүлэх механизмыг илэрхийлдэг.
Полиси (Policy) нь төр, засгийн газрын үйл ажиллагааны хэлбэр, агуулга улс төрийн шийдвэр гаргах технологийг тодорхойлдог байна. Өргөн утгаараа полиси нь зөвхөн төрийн байгууллагуудтай холбогддоггүй бөгөөд улс төрийн нам, холбоод зэрэг улс төрийн бусад оролцогчидын шийдвэр гаргах үйл явц, үйл байдалтай холбогддог.
Политикс (Politics) нь үйл ажиллагааны шинж чанартай бөгөөд тэрээр нийгмийн томоохон анги, давхраа, бүлгүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн язгуур эрх ашиг, хүсэл зоригыг улс төрийн  засаглалаар дамжуулж хамгаалах, хэрэгжүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа мөн гэж ойлгож болно. Полити нь хэлбэр, полиси нь агуулга, политикс нь үйл явц юм.
Улс төрийн бүтэц нь хэлбэр, агуулга, үйл явцад хуваагддаг.
Улс төрийн хэлбэр нь түүний зохион байгуулалтын бүтэц (төр, улс төрийн нам) мөн түүнчлэн уян хатан, тогтвортой байдлыг бий болгож, хүмүүсийн улс төрийн үйл байдлыг зохицуулах боломж олгодог хэм хэмжээ хуулиудаас тогтоно.
Улс төрийн агуулга нь түүний зорилго, үнэт зүйлс, шийдэж байгаа асуудлууд, улс төрийн шийдвэр гаргах механизм, сэдэлд тусгалаа олдог байна.
Улс төрийн үйл явцад улс төрийн үйл ажиллагааны нарийн олон субьекттэй, мөргөлдөөнт шинж, янз бүрийн нийгмийн бүлгүүд, байгууллага хувь хүмүүсийн харилцааны илрэл тусгалаа олдог юм.
Улс төр нь дараахь харьцангуй бие даасан бүрдэл хэсгүүдтэй. 1) Улс төрийн ухамсар: менталитет, үнэт зүйлсийн баримжаа, хувь хүмүүсийн чиг баримжаа, улс төрийн үзэл ба онолууд. 2) норматив үзэл санаа: улс төрийн намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонирхолын бүлгүүдийн программ, зорилго, улс төр эрх зүйн нормууд. 3) засаглалын институтууд ба түүний төлөөх тэмцэл.  4) засаглалын харилцаа: захирах, захирагдах, улс төрийн тэмцэл ба хамтын ажиллагаа. Үүнээс гадна уламжлал, заншил, олон нийтийн санаа бодол, тусгай улс төрийн хэл, хүмүүсийн сэтгэл зүй, хууль, хүний эрх, улс төрийн хошуучлагчид, элитүүд, бүлэглэлүүдийг нэрлэж болно.
Улс төр нь дараахь түвшингүүдэд хэрэгждэг.
  1. Мега түвшин. Олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа: НҮБ, НАТО, ЕХ г.м.
  2. Макро түвшин. Төр бүхний төвд байж аливаа асуудлуудыг шийднэ.
  3. Микро түвшин. Улс төрийн нам, мэргэжлийн холбоод, корпораци, фирмүүдийн идэвхтэй оролцоо
Улс төр нь дараахь үүрэгүүдтэй:
-          Нийгмийн анги бүлгүүдийн засаглалтай холбоотой ашиг сонирхолыг илэрхийлэх, хэрэгжүүлэх
-          Бүлэг хоорондын мөргөлдөөнөөс урьдчилан сэрэмжилж, зохицуулах
-          Нийгмийн баялагыг хувиарлах, дахин хувиарлах
-          Нийгмийн системийн нэгдлийг хангах
-          Хувь хүнийг нийгэмшүүлэх
-          Коммуникацийн үүрэг. Хүн ам ба төрийн хооронд дох харилцааг хангах
Улс төрийн субьект ба обьект
Субьект (subjectum – өгүүлэгдэхүүн. латин үг) “обьект (objectum – зүйл, эд юм. латин үг) гэсэн хоёр ойлголт нь нийгмийн ухааны чухал категори мөн юм. Субьект нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, ухамсарлаж буй ухамсар, хүсэл зориг бүхий хувь хүн нийгмийн бүлэг байдаг бол обьект нь субьектын танин мэдэгдсэн үйл ажиллагаа нь болдог.
Улс төрийн субьектэд хувь хүн (энгийн иргэнээс улст төрийн хошуучлагч), нийгмийн бүлгүүд: хамт олон, угсаатны бүлэг, улс төрийн элитүүд, анги, масс, иргэний нийгэм, ард түмэн, үндэстэн, соёл иргэншил, улс төрийн институтууд:  төр, улс төрийн нам хөдөлгөөнүүд орно. Дээр дурдсан улс төрийн субьектуудын зарим нь нэгэн зэрэг обьект болж болно. Тухайлбал хувь хүн, нийгмийн бүлгүүд нь субьект ч, обьект ч байж болно.
Улс төрийн шинжлэх ухааны үүсэл хөгжил
Улс төрийн шинжлэх ухаан философи, социологи, эрх зүй, сэтгэл судлал, антропологи зэрэг олон ухааны зааг уулзвар дээр үүсэн бүрэлдсэн юм.
Хүмүүс улс төрийг анх шашин домгийн үүднээс танин мэдэх оролдлогыг хийсэн бөгөөд МЭӨ I мянган жилийн дунд үеэс философи мэдлэгийн хүрээнд судлах болжээ. Энэхүү үйл явц нь Күнз, Платон, Аристотелийн бүтээлүүдтэй холбогдоно.
Улс төрийн шинжлэх ухааны цаашдын хөгжилд Н.Макиавелли чухал хувь нэмэр оруулсан бөгөөд тэрээр улс төрийн судалгааг бие даасан шинжлэх ухааны судалгааны чиглэл болгох үндсийг тавьжээ.
Улс төрийн шинжлэх ухаанд Гоббс, Локк, Монтескье, Руссо, Берк, Гегель, Милль, Маркс зэрэг олон сэтгэгчид хувь нэмэрээ оруулсан юм.
Францын улс төр судлаач П.Фавр XIX зууны хоёрдугаар хагаст нийгмийн ухаанууд тэр дотор улс төрийн шинжлэх ухаан бүрэлдэхэд дараахь хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзсэн байна. Тэрээр юун түрүүнд аж үйлдвэрийн хувьсгал, индивидуализмын өсөлт, нийгэм дэх шинжлэх ухааны ач холбогдолыг үнэлэх болсон, "хүмүүнлэгийн ухааны үйлдвэрлэгч ба хэрэглэгч" гэсэн шинэ анги бүрэлдсэн, хүн амын боловсролын түвшин дээшилсэн, орчин үеийн их сургуулиудын бүтэц бүрэлдэн тогтсон явдал чухал нөлөөтэй байсан гэж үзсэн байна.
АНУ-д улс төрийн шинжлэх ухаан их сургуулийн сургалтын нэг чиглэл болж хамгийн анх үүссэн юм. 1880 онд түүх, улс төрийн эдийн засгийн ухааны профессор Жон Бержес Колумбийн их сургуульд улс төрийн шинжлэх ухааны сургуулийг байгуулжээ. 1886 оноос уг сургууль улирал тутмын мэргэжлийн сэтгүүлийг гаргах болсон байна. Дээрхитэй адил сургууль Корнелийн, Иелийн их сургуульд мөн байгуулагджээ. Удалгүй 1903 онд Америкийн улс төрийн шинжлэх ухааны холбоо (APSA) байгуулагдаж 1906 оноос өөрийн сэтгүүлээ гаргах болсон байна. 1900 он хүртэл улс төр судлалаар гарсан сонгодог бүтээлүүдийн тоонд Д.Вулсийн Онолын болон практикийн үүднээс судлагддаг улс төрийн шинжлэх ухаан буюу төр (1878), В. Вилсоны Төр (1889), В. Уиллогби Төрийн мөн чанарыг судлах нь (1896) орно.
Америкийн улс төрийн шинжлэх ухааны хөгжилд эрх зүйн болон түүхийн ухаан тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн юм. Гэхдээ америкийн улс төр судлал засаглалын институтийн үйл ажиллагаа болон хүмүүсийн улс төрийн үйл байдлын эмпирик судалгааг илүү түлхүү хөгжүүлсэн байна. АНУ-д улс төрийн үйл байдлын судалгааг хөгжүүлэхэд Ч.Мерриам чухал хувь нэмэр оруулсан бөгөөд А.Бентлигийн Нийгмийн нөлөөлллийг судалх, удирдах үйл явц” (1908), У.Липманы Нийгмийн санаа бодол (1922) бүтээлүүд уг шинжлэх ухаанд судалгааны шинэ чиглэлийг оруулж ирсэн юм.
Улс төрийн философи, улс төрийн сэтгэлгээний түүхээр У.Даннинг гурван боть бүтээл туурвисан байна. Улс төрийн онолын түүх: эртний үе ба дундад зуун”(1902),  Улс төрийн онолын түүх: М.Лютерээс Монтескье хүртэл”(1905),Улс төрийн онолын түүх: Руссогоос Спенсер хүртэл (1920).
Францын улс төрийн шинжлэх ухааны үүсэл Парис хотноо 1871 онд байгуулагдсан УТШУ-ы чөлөөт сургуультай холбогддог. 1886 оноос уг сургууль мэргэжлийн сэтгүүлээ хэвлүүлэн гаргах болжээ. 1900 оноос эхлэн уг сургууль улс төрийн шинжлэх ухааны конгрессийг хуралдуулах болсон байна.
Францад улс төр судлал хөгжихөд их сургуулиуд дах эрх зүйн факультетууд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Иймээс ч Францад улс төрийн үзэгдлийг эрх зүйн хандлагын үүднээс судлах явдал түгээмэл болсон байна. Уг хандлагын үндэслэгчид нь Л.Дюги, М.Ориу нар юм.
1895 онд Лондонгийн их сургуульд улс төр, эдийн засгийн ухааны сургууль байгуулагдсанаар англид улс төрийн шинжлэх ухааны  эх үндэс тавигджээ. Цаашдын хөгжилд Нийтийн захиргаа (1923 оноос),Улс төрийн улирал тутмын сэтгүүл”(1930 оноос),  Улс төр (1934 оноос) гэсэн мэргэжлийн сэтгүүлүүд чухал нөлөө үзүүлжээ.
Англид улс төр судлал хөгжихөд Г.Ласки томоохон хувь нэмрийг оруулсан бөгөөд тэрээр Суверенитетийн үндэс”(1921), Орчин үеийн төрийн засаглал (1927), Төр онол, практикын жишээн дээр”(1936) зэрэг бүтээлийн эзэн юм.
XIX зууны туршид Германд нийгмийн ухааны судалгаа эрчимтэй хөгжсөн бөгөөд тиймээс ч улс төрийн шинжлэх ухаан тэнд бүрэлдэх нь зүй ёсны үзэгдэл байв. Гэвч энэхүү үйл явц Гитлер 1933 онд засгийн эрхэнд гарч, олон тооны герман эрдэмтэд улс орноосоо цагаачлан гарсанаар зогссон юм.
Германы улс төрийн шинжлэх ухааны эх үндэс Гегелийн улс төрийн философиос эх үндэстэй. Гегелийн  нөлөөгөөр германы эрдэмтэд төрийг судлахад онцгой анхаарчээ. Төрийн  тухай бие даасан ухааныг бий болгоход германы эрх зүйч Лоренц фон Штейн чухал нөлөөтэй байв. Тэрээр Удирдлагын тухай сургааль (1865-1884) хэмээх найман боть суурь бүтээл туурвисан юм.
Германы улс төрийн шинжлэх ухааны хөгжилд П.Лабанда Германы төр улсуудын эрх зүйт төр”(1876-1882),  Г.Еллинек Төрийн тухай нэгдмэл сургааль (1932), М.Вебер Улс төр бол үүрэг ба мэргэшил мөн (1918-1919), Ф.Ратцель Улс төрийн газар зүй (1897) зэрэг эрдэмтэд хувь нэмрээ оруулжээ.
Италийн улс төрийн шинжлэх ухаанд Г.Моска Улс төрийн шинжлэх ухааны элементүүд”(1896), В.Парето Социологийн тухай шаштир (1916) нар ихээхэн нөлөөтэй байв. 1874 онд Флоренцид нийгмийн ухааны сургууль байгуулагдаж сэтгүүлээ гаргах болсон байна.
1945 оноос хойш өрнөдийн УТШУ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх болж ЮНЕСКО-гоос 1949 онд УТШУ-ын олон улсын холбоог байгуулсан юм. Анх 52 гишүүнтэйгээр анх байгуулагдаж байсан бол өдгөө 3000 шахам гишүүдтэй, дэлхий даяар 120 шахам хүрээлэнгүүдийг эгнээндээ багтаасан том холбоо болж өргөжөөд байна. 1950 онд Цюрих хотноо анхны их хурал нь хуралдсан бол сүүлийнх нь 2009 онд Чилийн Сантьяго хотноо болсон юм.
1948 онд Парис хотноо ЮНЕСКО-гийн ивээл дор хуралдсан улс төр судлаачдын чуулганаас судалгааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлсон байна. Үүнд:
  1. Улс төрийн онол, улс төрийн үзэл санааны түүх
  2. Улс төрийн институт, үндсэн хууль, төрийн болон орон нутгийн удирдлага, нийтийн захиргаа, улс төрийн институтуудын харьцуулсан судалгаа
  3. Улс төрийн нам, сонирхолын бүлэг, олон нийтийн санаа бодол
  4. Олон улсын харилцаа, олон улсын байгууллага, олон улсын эрх зүй орсон болно.
Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл, бүтэц
Улс төр судлал бол улс төр, улс төрийн удирдлага, улс төрийн үйл явц ба системийн хөгжил, улс төрийн субьектуудын зан байдал үйл ажиллагааны тухай шинжлэх ухаан юм.
            Улс төр  судлалын судлах зүйлд улс төрийн инстутутууд, улс төрийн үйл явц, улс төрийн харилцаа, улс төрийн үзэл суртал, соёл, улс төрийн үйл ажиллагаа багтана.
            Орчин үеийн улс төр судлалын зангилаа асуудлуудын тоонд улс төрийн засаглал, түүний мөн чанар болон бүтэц; улс төрийн систем ба орчин үеийн дэглэмүүд; удирдлагын хэлбэр ба төрийн байгууламж, улс төрийн тогтвортой байдал ба эрсдэл; намын болон сонгуулийн систем; улс төрийн эрх  ба иргэний эрх чөлөө; иргэний нийгэм ба эрх зүйт төр; улс төрийн үйл байдал ба улс төрийн соёл; улс төрийн коммуникаци ба ОНМХ; шашны болон үндэстний асуудал; улс төрийн мөргөлдөөн; хямралыг зохицуулах арга хэрэгсэл; олон улсын харилцаа; геополитик; даяаршил орно;XVIII-XIX зууны үед улс төр судлалд улс төрийн институтийг түлхүү судлаж байсан бол XX зуунд улс төрийн систем, бүтэц, соёл, хүнийг идэвхтэй судлах болсон байна. Орчин үед улс төрийн шинжлэх ухаан олон улсын харилцаа, ардчилал, хүний эрх, жендерийн асуудлуудыг түлхүү судлаж байна.
            Улс төрийн шинжлэх ухааны судлах зүйл харьцангуй тогтвортой боловч нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшил, улс төрийн амьдрал  дахь өөрчлөлт шинэчлэлтээс хамаарч байнга шинэчлэгдэн судлах зүйлийн хүрээ нь өсөн нэмэгдэж байна.
            Улс төр судлал нь хэдийгээр нэгдмэл нэг шинжлэх ухаан боловч дотроо олон салбар ухаануудад хуваагдсан байдаг. Үүнд: улс төрийн философи, улс төрийн антропологи, улс төрийн газар зүй, улс төрийн экологи, сонгуулийн газар зүй, улс төрийн социологи, улс төрийн эдийн засаг, улс төр, эрх зүйн онол, улс төрийн ёс зүй, улс төрийн хэл шинжлэл, улс төрийн түүх, олон улсын харилцааны онол, улс төрийн сэтгэл зүй орно.
            Эдгээрээс улс төрийн философи засаглалын харилцааны үнэт зүйлсийн шинж талыг, улс төрийн антропологи нь улс төр систем, эрх мэдлийн эх сурвалж, түүнийг хүн хэрхэн олж авдагийг, терроризм дах соёлын нөлөө зэрэг асуудлуудыг, улс төрийн сэтгэл судлал улс төрийн үйл байдлын субьектив сэдлийг, улс төрийн социологи засаглалын хувиарлалт дах иргэний нийгмийн нөлөөллийг, улс төрийн газар зүй улс төрийн амьдрал дах цаг уурын болон байгаль орчны хүчин зүйлийн нөлөөг тус тус судладаг.

Геополитик


1.    Геополитикийн ойлголт, тодорхойлолт, үүрэг, ач холбогдол
Геополитик гэсэн нэр томъёо бол geopolitics-геополитика geos - газар+politics- улс төр, улс төрийн бодлого гэсэн үгнүүдийн нийлбэрээс бүрэлдсэн байгаа бөгөөд монголоор геополитик гэсэн үгээр хэвээр нь  хэрэглэдэг. Академич Ц.Дамдинсүрэн, профессор А.Лувсандэндэв нарын зохиосон “ Орос-Монгол толь”-д ( УБ.,1982) энэ нэр томъёо ороогүй байна. Ер нь холбогдох зарим ном зохиолоос үзэхэд 1990-ээд он хүртлэх үед манайд геополитик гэсэн ойлголтыг төдийлөн хэрэглэдэггүй байжээ. Энэ нь марксист онол геополитикийн ухааныг хүлээн зөвшөөрдөггүй байсантай холбоотой байв. ЗХУ-д өөрчлөн байгуулалт ид явагдаж, нийгэм-улс төрийн сэтгэлгээ багагүй шинэчлэгдэх хандлагатай болсон 1987 онд гэхэд геополитикийг шинжлэх ухааны ойлголт гэж үздэггүй байжээ. Тухайлбал 1987 онд ЗХУ-д дөрөв дэх удаагаа нэмж засварлан хэвлүүлсэн Краткий политический словарь (Улс төрийн товч толь) гэдэг номонд геополитика - реакционное направление буржуазной политической мысли, основанное на крайнем преувеличении роли географических факторов в жизни общества (монголчилбал: геополитик бол нийгмийн амьдрал дахь газарзүйн хүчин зүйлсийн үүргийг хэт (туйлаар) дэврүүлэхэд үндэслэсэн хөрөнгөтний улс төрийн сэтгэлгээний харгис чиглэл юм”) гэж тодорхойлжээ (20,88). Харин Г.Лувсанцэрэн, Б.Самбуу нарын боловсруулсан “Философийн ухааны орос монгол нэр томъёо” гэсэн толь бичигт ( УБ.,1985) геополитикийг газар зүйчлэх бодлого гэж орчуулан оноожээ (10,27).
Эрдэмтэд шинжлэх ухааны аль нэг салбарын ямар нэг ойлголт, түүнийг хэлзүйн талаас нь нэрлэж томъёолон тэмдэглэсэн нэр томъёоны утга агуулгыг гаргаж ойлгоход түүнийг илэрхийлсэн үгийн гарал үүсэл, утгыг тооцож анхаарах хэрэгтэй, гэхдээ энэ нь бүрэн хариу тайлбар болохгүй, тиймээс уг ойлголтын утга санаа, агуулгыг тухайн шинжлэх ухааны өөрийн нь үзэл баримтлал, онолын үүднээс голлон авч үзэж тайлбарлах хэрэгтэй гэж үздэг байна. Энэ дагуу хандаж авч үзвэл геополитик гэсэн ойлголт, нэр томъёо нь нэгдүгээрт, тухайн төр улс өөрийн гадаад бодлого, олон улсын харилцаандаа өөрийн орны газар зүйн байршил, түүний давуу ба сул талыг тооцон анхаарч бодлого явуулах, өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан газар зүйчлэх бодлого явуулах гэсэн утга санааг илэрхийлнэ. Энэ утгаар жишээлбэл Монгол, эсвэл Хятад, Орос улсын геополитик, бүс нутгийн, тив, дэлхийн хэмжээний геополитик  гэх мэтээр нэрлэж ярих нь олонтаа гардаг. Хоёрдугаарт, геополитик гэдэг нь газар зүйчлэх бодлогыг судлан шинжилдэг улс төрийн шинжлэх ухааны нэг салбар, бас түүнийг их, дээд сургуульд тусгай хичээл болгож зааж судалдаг мэргэжлийн хичээлийн нэр гэсэн утгаар хэрэглэдэг байна. Өөрөөр хэлбэл геополитик бол нэг талаас төрийн гадаад бодлоготой салшгүй холбоотой улс төрийн бодит үзэгдэл, үйл явц, нөгөөтэйгүүр түүнийг судлан шинжилдэг салбар ухаан гэсэн үг юм.
Геополитикийн талаар авч үзэхдээ юуны өмнө түүнийг судалгааны ном зохиол, сурах бичиг, гарын авлага, толь бичигт юу гэж тодорхойлдгийг дурдах хэрэгтэй. Учир нь аль нэг юмс үзэгдлийн тодорхойлолт бол түүнийг судлан шинжилсний үр дүн болж гардаг, тухайн юмс үзэгдлийн мөн чанар, агуулгыг хураангуйлж томъёолон илэрхийлсэн байдаг. Бид боломжийн хэрээр олж уншсан зарим ном бүтээлд геополитикийг юу гэж тодорхойлсныг тоймлон дурдья.
Их, дээд сургуулийн оюутан бидний улс төр судлалын хичээлээр голлон хэрэглэж байгаа, манай МУИС-ийн НШУС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрдэмтэн багш нарын хамтран зохиосон “ Улс төрийн шинжлэх ухаан” ( УБ., нэмж засварласан хоёр дахь хэвлэл.2010) гэсэн сурах бичигт “ Төрийн гадаад улс төрийн бодлого, түүнийг тодорхойлж буй хүчин зүйлсийг иж бүрэн судлан шинжилж байгаа шинжлэх ухаан бол орчин үеийн геополитик юм. Дэлхийн геополитикийн орон зайд оршин байгаа байршил, газар нутгийн гадаргуу, хэмжээ, улсын хилийн төрөл хэлбэр, хүрээлэн буй орчны нөхцөл, байгалийн нөөц зэргээр тодорхойлогдож байдаг улс орны газарзүйн орчин геополитикийн улс төрийн судалгааны үндсэн объект юм” гэж бичжээ (3,493).
Улс төр судлаач Б.Энхболд “Улс төрийн шинжлэх ухааны нэр томъёоны   тайлбар толь” ( УБ., 2005) гэсэн номондоо “ Геополитик нь бүс нутаг, тив, дэлхийн хэмжээний олон улсын үйл явцад нэг болон хэсэг бүлэг (эвсэл) улс орнуудын үзүүлж буй нөлөөлөл, түүхэн тодорхой хэлбэр, шинж чанар, хэмжээ хязгаарыг тодорхойлдог олон улсын харилцааны онолын суурь ойлголт юм” гэсэн байна (9,28)
Улс төрийн шинжлэх ухаанаар орос хэлээр гарсан олон арван ном зохиол, сурах бичгүүдэд геополитикийг зарим нэг ялгаатай байдлаар, гэхдээ утга агуулга, үзэл санаа нь үндсэндээ ижил байдлаар тодорхойлсон олон тодорхойлт байна. Тэдгээрийн заримыг олдсон ном сурах бичигт яаж тодорхойлсныг товч дурдья.
Оросын улс төр судлаач эрдэмтэд болох Ю.В.Ирхин, В.Д.Зотов, Л.В.Зотова нарын хамтран зохиосон “ Политология” ( М.,1999) гэсэн сурах бичигт “ Геополитика-политическая концепция, доктрина, отражающая и анализирующая сложную зависимость и связь внешней политики государства, международных отношений в связи с географическим положением государств и стран - климатом, природными ресурсами, территорией, количеством населения и его составом” гэж тодорхойлжээ (16,449). Энэ тодорхойлолтыг монгол хэлэнд баримжаагаар хөрвүүлбэл: “ Геополитик гэдэг бол төр улсын гадаад бодлого, олон улсын харилцаа нь төр улсууд ба улс орнуудын газар зүйн байдал бүхий цаг агаар, байгалийн нөөц баялаг, хүн амын тоо хэмжээ ба бүрэлдэхүүнтэй нарийн ээдрээтэйгээр холбогдон хамаарч байдгийг тусгаж шинжилдэг улс төрийн үзэл баримтлал, номлол юм”.
Оросын  улс төр судлаач олон эрдэмтэдийн хамтран зохисон “ Политология: Энциклопедический словарь” ( М., 1993) гэсэн нэвтэрхий тольд: “Геополитика - одно из фундаментальных понятий теории международных отношений, характерирующее место и конкретно-исторические формы воздействия территориально-пространственных особенностей положения государств или блоков государств на локальные, региональные, кантинентальные и глобальные международные процессы” гэж тодорхойлжээ (18,58). Монголчилбол: “ Геополитик бол тухайн орон нутаг, бүс нутаг, тив, дэлхийн хэмжээний олон улсын харилцаанд төр улсууд, эсвэл төр улсуудын эвслүүдийн байдлын газар нутаг-орон зайн онцлогийн эзлэх байр, үзүүлэх  нөлөөний түүхэн тодорхой хэлбэрүүдийг тодорхойлон заадаг олон улсын харилцааны онолын суурь ойлголтуудын нэг юм”.
               Дээр дурьдсан тодорхойлолтуудаас үзвэл геополитик нь нэг талаас ямар нэг төр улс, эсвэл төр улсууд холбоо, цэрэг-улс төрийн эвсэлийн газар зүйн байршил, түүний онцлог ба нөгөөтэйгүүр тэдгээр субьектуудын гадаад бодлого, олон улсын харилцаан дахь нөлөө, оролцооны холбоо хамаарлыг илэрхийлсэн улс төрийн болон олон улсын харилцааны шинж чанартай, утга агуулгатай үзэгдэл болох нь тодорхой байна. Тэгвэл улс төрийн энэхүү үзэгдэлийг авч үзэж судалдаг салбар ухаан бүхий геополитикийн ухаан нь улс төрийн шинжлэх ухаанд багтаж орно, тэгэхдээ түүний харьцангуй бие даасан нэгэн салбар чиглэл болох олон улсын харилцаа судлал, өөрөөр хэлбэл олон улсын харилцааны онолд илүү их холбогдож хамаарна гэж ойлгож болохоор байна. Тэгэхдээ геополитикийн ухаан нь олон улсын харилцааны онолын хүрээнд том байр суурь эзэлдэг, харьцангуй бие даасан салбар ухаан болохыг онцлон анхаарах хэрэгтэй гэсэн үзэл санааг эрдэмтэд ном зохиолдоо тэмдэглэн заажээ. Тухайлбал “ Олон улсын харилцааны онол” ( Теория международных отношений) гэсэн ном, сурах бичиг байдгийн зэрэгцээ дангаараа “Геополитик”, “Геополитикийн үндэс”, “Геополитикийн удиртгал” ( “Геополитика”, “Основы геополитики”, “Введение в геополитику”) гэсэн нэртэй сурах бичиг, гарын авлага, бусад ном зохиол олноор гарчээ.
               Байгаль, нийгмийн аливаа шинжлэх ухаан өөрийн судалсан үзэгдэл, үйл явцын дотоод мөн чанар, түүнтэй нягт уялдаж нөхцөлдсөн зүй тогтолыг танин мэдэж томъёолон илэрхийлэх, нэгтгэн дүгнэх зорилготой байдаг. Энэ нь улс төрийн шинжлэх ухааны системд харьцангуй бие даасан байр суурь эзэлдэг салбар ухаан болох геополитикт нэгэн адил хамаарч холбогдоно. Тэгвэл геополитикийн ухаан өөрийн судлагдахуун бүхий үзэгдэл, үйл явцын ямар зүй тогтлыг танин мэдэж, томъёолон илэрхийлсэн байна вэ, тэдгээр зүй тогтолыг төрийн гадаад бодлого, олон улсын харилцаанд ухамсартайгаар тооцож анхаарах нь ямар ач холбогдолтой, үүрэгтэй байдаг вэ гэдэг талаархи эрдэмтэдийн зарим саналыг дурдья.
               Оросын улс төр судлаач эрдэмтэд Ю.В.Ирхин, В.Д.Зотов, Л.В.Зотова нар “ Политология” (М.,1999) гэсэн сурах бичигтээ геополитикийн ухаан дараах зүй тогтолуудыг танин мэдэж илэрхийлэн гаргадгийг зааж тэмдэглэсэн байна. Тэдгээр нь:
·         Хэрэв геополитикийн субьектууд (аль нэг тодорхой төр улс, төр улсуудын холбоо, эвсэл гэх мэт) газар нутгийг олж авч эзлэх, хамгаалж эзэмшихэд хүрэлцээтэй, зайлшгүй шаардлагатай хүч нөөц, бололцоо, арга хэрэгсэлтэй байхгүй юм бол тухайн орон зайд хяналт тогтоох чадваргүй болно.
·         Геополитикийн нэг субьект тухайн орон зайд тавих хяналтаа алдвал тэрхүү хяналтыг өөр нэг субьект олж авч эзэмших болно.
·         Геополитикийн тухайн тодорхой субьектийн тогтвортой, бие даасан, аюулгүй байдал нь түүний хяналтанд байгаа орон зайн хэмжээнээс багагүй шалтгаална, тухайлбал тэрхүү орон зайн хэмжээ хязгаар өргөн, их байх тусам тэрхүү субьект түүнийг хянах нь тэр хэмжээгээр бэрхшээлтэй байх болно.
·         Заримдаа тухайн орон зайг бүхэлд нь биш, харин геостратегийн чанартай зангилаа чухал хэсэг бүхий цэгүүдийг хянадаг субьект давуу чанартай болдог.
·         Геополитикийн субьектын хүч, давуу чанар, нөөц бололцоонд сансрын орон зай ба харилцаа холбооны хүрээ салбарыг хянах явдал чухал ач холбогдолтой байх болно.
·         Төр улсуудын геополитикийн байр суурь, хүч нөөц, арга хэрэгсэл нь тэдгээрийн эдийн засгийн хөгжил хийгээд цэрэг дайны хүч нөөцийн түвшин, цөмийн зэвсэгтэй байгаа эсэхээс ихээхэн шалтгаална.
·         Улс орнуудын хооронд геополитикийн “ангал”, зай завсар, гүнзгий зааг ялгаа бий болдог бөгөөд тэр нь нэг талаас хөгжилтэй, баян чинээлэг, хүчирхэг бөгөөд ноёрхогч улс орнууд, нөгөө талаас ядуу, бага буурай, тиймээс ч хүч нөлөөгүй хараат орнуудын хооронд “ Хойд- Өмнө”, “ Төв- Хязгаар” гэсэн шугамаар үүсэн бий болдог, баялаг, нөөц нь мөн эдгээр шугам, хил хязгаарын дагуу тэгш бус хуваарилагддаг. Зарим тоо баримтаар Африк, Сахарын өмнөд хэсэг, Өмнөд Ази, Энэтхэгийн нийт 3 тэрбум хүн амын нэг хүнд оногдох жилийн орлогын дундаж хэмжээ 400 доллар байхад өндөр хөгжсөн, дэлхийд нөлөө ноёрхлоо тогтоосон цөөн орны 850 сая хүн амын нэг хүнд оногдох жилийн орлогын дундаж 20 мянган доллар байх жишээтэй.
·         Төр улсуудын геополитикийн давуу тал, хүч нөөц, бололцоо, зорилго, бодлогыг зөвхөн орон судлалын үүднээс төдийгүй бас иргэншлийн хэв маягийн үүднээс ч чухалчлан авч үзэн судлах хэрэгтэй. Тухайлбал нэг хэв маягийн (“өрнийн”, “дорнын”, исламын” гэх мэт) иргэншилд багтаж ордог янз бүрийн орнууд өөр хоорондоо харилцан ойлголцож хамтран ажиллах нь илүү хялбар, тус дөхөмтэй байдаг.
·         Геополитикийн субьект бүхий тухайн тодорхой улс орны хүн амын тоо толгой, үндэсний шинж чанар, ард түмний онцлог зэрэг нь геополитикийн чухал хүчин зүйл болно (16, 450-451).
     Бие даалтын ажлын энэхүү хэсгийн төгсгөлд геополитик нь салбар ухааны хувьд дараах үүрэг, ач холбогдолтой болохыг тэмдэглэх хэрэгтэй. Геополитикийн ухааны гүйцэтгэдэг үүрэг бол:
·         Улс орнуудын геополитикийн бодлогыг судлан шинжилж танин мэдэх, онолын үүднээс нэгтгэн дүгнэх үүрэг гүйцэтгэнэ.
·         Төрийн гадаад бодлого, олон улсын харилцааны холбогдох байгууллагуудын ажилтан, мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид хийгээд ер нийгэм-улс төрийн мэдлэг, боловсрол, мэргэжил эзэмшиж буй оюутан, сонирхогчдод геополитикийн тухай системтэй мэдлэг эзэмшүүлэх үүрэгтэй.
·         Төрийн геополитикийн бодлого, гадаад харилцааг шинжлэх ухааны үндэстэй болгоход нөлөөлнө.
·         Улс орнуудын геополитикийн бодлого, байр суурь, зорилго, зорилтуудын өөрчлөлт, чиг хандлага, ирээдүйн төлөв байдлыг урьдчилан таамаглахад туслана.
Эдгээр дурдсан зүйлс геополитикийн ухааны онол-танин мэдэхүйн болон практикийн ач холбогдолыг тодорхойлно.
2.    Геополитикийн үзэл санаа, номлолын үүсэл хөгжил

Геополитикийн тухай үзэл санаа төр улсуудын гадаад бодлого, түрэмгийлэн эзлэх үйл ажиллагаа, ялангуяа томоохон эзэнт гүрнүүдийн бүс нутаг, тив дэлхийн хэмжээний гадаад империалист бодлоготой нягт холбоотойгоор үүсэн бүрэлджээ. Оросын улс төр судлаач, олон улсын харилцаа судлаач томоохон эрдэмтэн К.С.Гаджиев өөрийн хэд хэдэн ном зохиолдоо, тухайлбал “ Геополитика”(М.,1997), “Введение в геополитику” (М.,1998),” Введение в политическаю науку”(М.,1997) гэсэн бүтээлүүддээ геополитикийн үзэл санаа бүр эртний үед бий болсон, жишээлбэл Демокрит, Геродот, Страбон, Ариостотель, Полибий нар хүн ардын аж төрөх ёс, ухамсар, нийгмийн байдал нь газарзүйн байршил, түүний багаль, цаг агаар бүхий хүрээлэн буй орчинтой нөхцөлдөж хамаарсан байдаг гэсэн санааг гарган тавьж байжээ гэж тэмдэглэжээ. Ийм үзэл санааг дундад зууны үед арабын нэрт сэтгэгч Ибн Халдун мөн адил дэвшүүлэн тавьсан байна.
К.С.Гаджиев геополитикийн ухаан харьцангуй бие дааж чухам XIX-XX зууны заагт төлөвшиж цааш гүнзгийрэн хөгжсөн, эртнээс энэхүү зааг үе хүртэл уламжлалт геополитик сэтгэлгээ оршиж ирсэн, түүний үзэл санааны үндэс суурь нь газарзүйн детерминизм байсныг гаргаж тавьсан байна. Уламжлалт геополитик, түүний хүрээн дэх олон улсын харилцааны тухай төсөөлөл, ойлголт ёсоор төр улсуудын оршин тогтнол нь газар нутаг, тусгаар тогтнол, аюулгүй байдал гэсэн үндсэн тулгын гурван чулуу (өрнөдийн сэтгэлгээ, үг хэллэгт гол гурван халим- кит гэж томъёолон илэрхийлдэг) дээр суурилдаг гэж үзэж иржээ. Геополитикийн үзэл санааг үндэслэгчид төр улсуудын гадаад бодлого, гадаад харилцаа нь тэдгээр орнуудын газар зүйн байршлаас шалтгаалдаг гэсэн газар зүйн детерминизмыг баримталсан байна. Тэдний үзэл ёсоор төр улсын хүч чадал, гадаадад үзүүлэх нөлөө, бодлого нь тэр улсын нутаг дэвсгэр, түүний хөрс шорооноос шим тэжээл авч үндсээ дэлгэсэн байдаг, тиймээс тухайн тодорхой төр улсын геополитикийн бодлого нь өөрийн газар нутгаа хамгаалахын хамт түүний хүрээ хязгаар, хилийн дээсийг гадагш тэлүүлж өргөтгөх, өөрөөр хэлбэл бусдын газар нутгийг түрэмгийлэн эзлэх, эзэмшихэд чиглэглэх ёстой ажээ. Энэ нь уламжлалт геополитикийн сэтгэлгээ төр улс гэдэг бол газар зүй, нутаг дэвсгэр бүхий орон зайн амьд бие организм байдаг гэж үзсэн хэрэг юм. Тийм газар зүйн бие организм нь физик газар зүй, байгаль цаг агаар, байгалийн нөөц баялаг, хүн ам, түүний онцлог гэх зэрэг шинж чанар, үзүүлэлттэй байх ажээ. Уламжлалт геополитикийн сэтгэлгээнд тийнхүү газар зүйн детерминизм баримтлагдаж тогтсон нь XIX-XX зууны зааг хүртэлх үеийн нийгэм-хүмүүнлэгийн ухаан, сэтгэлгээнд газар зүйн ухаан, түүний судалгаа, дүгнэлтүүд ихээхэн нөлөөлж байсантай холбоотой юм.  Газар зүйн детерминизмын сургаал ёсоор бол тухайн тодорхой улс орны газар зүйн байршил, түүний байгаль, цаг уурын байдал, шинж чанар, далай тэнгист ойр, эсвэл хол байгаа эсэх нь тэр орны нийгэм-түүхийн хөгжлийн үндсэн чиглэл, гадаад харилцаанд нь нөлөөлж тодорхойлох ажээ. Өөрөөр хэлбэл, газар зүйн орчин нь улс орон, түүний ард түмний нийгэм эдийн засаг,улс төр, соёлын хөгжилд шийдвэрлэгч үүрэгтэй хүчин зүйл мөн болно гэсэн үг юм.
Геополитикийн сэтгэлгээн дэх газар зүйн детерминизмийн үзэл санаа шинэ үе буюу XVII зуунаас XIX зууны төгсгөл хүртэл ямар нэг байдлаар баримтлагджээ. XVII зууны үеийн Францын гүн ухаантан, улс төрийн сэтгэгч  Ш.Л. Монтескье дэлхийн янз бүрийн улс орны ард түмнүүдийн ёс заншил, аж төрөх ёс, аж ахуй, түүнийгээ хөтлөх арга ухаан, түүнчлэн нийгэм, улс төрийн байгуулал нь газар зүйн орчин нөхцөлөөс шалтгаалан тодорхойлогдож байдаг гэсэн үзэл санааг тод томруун гаргаж тавьсан байна. Ийм үзэл санааг  XIX зууны туршид Английн түүхч Г.Т.Бокль, Францын газар зүйч Р.Элизе, америкийн газар зүйч Э.Хантингтон, Оросын эрдэмтэн Л.И.Мечников зэрэг олон эрдэмтэн судлаачид баримталж байжээ.
Тэгэхдээ тухайн үеийн нийгэм-улс төр, хүмүүнлэгийн ухаан дахь газар зүйн детерминизмын чиглэлийн хамгийн гарамгай том төлөөлөгч бол Германы угсаатан судлаач, газар зүйч эрдэмтэн Ф.Ратцель мөн болно. Тэрбээр XIX-XX  зууны заагт улс төрийн газар зүйг үүсгэн үндэслэсэн байна. Шинжлэх ухаанд оруулсан түүний гол хувь нэмэр, гавьяа бол тэрбээр улс төр, улс төрийн бодлого ба газар зүйг хооронд нь холбож судлах, аль нэг төр улсын улс төрийн бодлогыг түүний байрласан газар зүйн байршлаас ургуулан гаргаж судлах оролдлого хийсэнд оршино гэж эрдэмтэд үнэлэн үздэг байна. Тэгэхдээ Ратцелийн эл үзэл санаа германы агуу их гүн ухаантан И.Кант, В.фон Гумболдт, К.Риттер болон германы бусад сэтгэгчдийн үзэл санаанаас эх үндэстэй ажээ. Эдгээр сэтгэгчид улс орны газарзүйн байршил, түүний физик газар зүйн шинж чанар ба тэдгээр нь нийгэм-түүхийн хөгжилд нөлөөлдөг тухай асуудалд анхаарал хандуулж сонирхолтой санаа бодлуудыг гарган тавьж байжээ.
Ратцель 1897 онд “Улс төрийн газар зүй” гэсэн бүтээлээ хэвлүүлж түүндээ төр улс бол биологийн бие организм мөн бөгөөд тиймээс тэрээр биологийн жам хууль, зүй тогтолын дагуу оршиж хөгжинө гэсэн үзэл санааг гаргаж үндэслэжээ. Ратцель түүгээр ч үл барам төр улс бол органик ертөнцийн  хувьслын үр дүн бүхий бүтээгдэхүүн бөгөөд зүйрлэж хэлбэл газар шороонд үндсээ суулгаж, түүнээс шим тэжээл авч ургадаг модтой адил гэж үзсэн байна. Тиймээс төр улсын мөн чанар, гол шинж нь түүний газар нутаг, газар зүйн байршлаар тодорхойлогдох ба төр улс хөгжиж дэвжих, хүчирхэгжих нь тэрээр өөрийн газар нутаг, түүний орчин нөхцөлд дасан зохицож, идээшин оршихоос шалтгаалах ажээ. Газар нутагт урган бий болж оршин буй төр улс өөрийн хөгжил, хүч чадлаа нэмэгдүүлэх үндсэн арга замын нэг бол Lebensraum буюу амьдрах орон зайгаа тэлж өргөтгөх, үүний тулд газар нутгийн эзлэн түрэмгийлэл хийх явдал мөн болно гэж Ратцель үзжээ. Тэрбээр энэхүү ойлголтын тусламжтайгаар герман улсын эдийн засаг, улс төрийн гол асуудал нь түүний эрчимтэй хөгжлийг саатуулж сүрхий бэрхшээл үүсгэж буй дэндүү давчуу бөгөөд шударга бус хил хязгаар, бага хэмжээний газар нутагтай байгаа явдал мөн гэсэн үзэл санааг үндэслэж нотлохыг оролджээ.
XIX-XX зууны заагт геополитикийн сэтгэлгээ, үзэл санаа, судалгаа нь цаашдын хөгжлийнхээ шинэ үе шатад тулж ирсэн байна. Чухам энэ зааг үеэс геополитикийн асуудлаар олон тооны ном зохиол бичигдэж, шинэ чухал үзэл санаа, үнэлэлт дүгнэлтүүд дэвшигдэн тавигдаж, геополитик нь олон улсын харилцаа судлалын бие даасан салбар болж төлөвшин хөгжжээ. Энэ нь дараах нөхцөл байдал, хүчин зүйлстэй нягт холбоотой байжээ. Нэгдүгээрт, энэ үед дэлхийн хэмжээний нэгдмэл зах зээл аажмаар бүрэлдэн бий болох хандлага тод харагдах болсон, газарын бөмбөрцгийн ойкумен буюу хүн оршин сууж болох хуурай газар хүн амаар дүүрч нягтарчээ. Хоёрдугаарт, энэ үед Европын их гүрнүүд дэлхийн тив, бүс нутгуудыг колончиллоор хуваан эзэмшиж дууссан, тиймээс тэд орон зай, эзэмшил газар нутгийнхаа хэмжээг цааш өргөтгөж тэлэх боломжгүй болсон, үүний улмаас хуваан эзэмшсэн орон зай, газар нутгийг дахин хуваах, өөрөөр хэлбэл нэг нь нөгөөгөөсөө булаан авахын төлөө тэмцэл хурцаджээ. Гуравдугаарт, дээрхи үйл явдлуудын үр дүн, нөлөөгөөр дэлхийн түүх нь зөвхөн Европ буюу Өрнийн түүх биш болж, үнэхээрийн Дэлхий дахины нэгдмэл, түгээмэл түүх болж хувирсан байна. Дөрөвдүгээрт, дээрхи хүчин зүйлсийн нөлөө, шалтгаанаар олон улсын харилцаа, төрийн гадаад бодлогод хүч хэрэглэх тухай үзэл санааны онолын үндэс тавигдаж, тэр нь цаашдаа олон улсын харилцааны онол дахь улс төрийн реализмын үндэс суурь болжээ. Тийнхүү XX зууны эхэн үеэс геополитикийн ухааны судалгаа, боловсруулалт шинэ үе шатандаа орж хөгжих болсон байна.
Түүний эхлэлийг шведийн судлаач, улс төрч Р.Челлен  тавьжээ. Тэрбээр геополитик гэсэн нэр томьёог анх гаргаж судалгааны эргэлтэд оруулжээ. Геополитикийн тухай түүний гол бүтээл болох “Staten som Lifsform” буюу монголоор Төр бол амьдралын хэлбэр болох нь гэсэн ном 1916 онд нийтлэгдэн гарчээ. Тэрбээр зохиолдоо хүчирхэг төр улсыг бий болгож байгуулах арга замыг нээж илрүүлэх зорилгоор удирдлагын тогтолцоог судлаж хүч, хүчирхийлэлийн анатоми буюу бүтэц, мөн чанар, ер нь хүч чадлын газар зүйн үндсийг шинжлэн гаргахыг оролдсон байна. Челлен улс төр, улс төрийн бодлого нь экономополитик (эдийн засгийн бодлого), демополитик (хүн ам зүйн бодлого), социополитик (нийгмийн бодлого), кратополитик (хүчний бодлого буюу засаг), геополитик (газар зүйчлэх бодлого) гэсэн ийм таван элемент бүхий бүрдэл хэсэгтэй бөгөөд тэдгээрийг хооронд нь органик байдлаар нягт холбох ёстой, энэ нь төр улс хүчирхэг байх үндэс болно гэж үзээд тэдгээрийн дотроос геополитик бол төрийг газар зүйн организм, эсвэл орон зай дахь феномен-үзэгдэл хэмээн авч үзэж судалдаг шинжлэх ухаан мөн гэж тодорхойлжээ. Челлен үзэл бодлоороо герман төвтэй үзэлтэн байсан бөгөөд скандинавын орнууд тухайн үед хүч чадал сул, гадны халдлага, довтолгоонд өртөх магадлал ихтэй, энэхүү сул тал, боломжит аюулаас сэрэмжлэхийн тулд Германы эзэнт их гүрнээр толгойлуулсан герман-нордын холбоог байгуулах хэрэгтэй гэж үзсэн байна.
Геополитикийн судалгаа, номлол шинэ шатад дэвшин гарч хөгжихөд Их Британий далай тэнгисийн стратегийн түүхийг судалсан америкийн түүхч, адмирал А.Мэхен, английн газар зүйч, улс төрч Г.Макиндер, мөн английн газар зүйч Ж.Фейргрив, америкийн судлаач Н.Спайкмен, германы судлаач К.Хаусхофер нарын бүтээл туурвил, дэвшүүлэн гаргасан үзэл санаа, дүгнэлтүүд чухал хувь нэмэр болжээ.
А.Мэхен геополитикийн асуудлаар хэд хэдэн зохиол бичсэний дотроос 1890 онд нийтлүүлэн гаргасан, Түүхэнд далайн цэргийн хүчний үзүүлсэн нөлөө (1660-1783)” гэсэн бүтээл нь ихээхэн алдаршиж, европын олон орны хэлэнд орчуулагджээ. Тэрбээр энэхүү болон бусад бүтээлдээ далайн цэргийн хүчин чадал дэлхийн улс орон, ард түмнүүдийн түүхэн хувь заяанд ихээхэн нөлөөлж тодорхойлно гэсэн үзэл санааг гол болгон тавьж, XIX зууны сүүлчээр Их Британи улс далайн цэргийн хүчин чадлаараа бусад улс орнуудаас давамгай байсан, ер нь улс гүрэн далай тэнгисийг геополитикийн бодлогодоо зөв зүйтэй ашиглаж далайн орон зайд хяналтаа тогтоох нь эд баялгийг хуримтлуулах хамгийн чухал, гол гогцоо зорилт мөн болно гэж үзжээ. Мэхен далайн цэргийн хүчин чадлын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлдог нөхцөл бол тухайн улс орны газар зүйн байдал, байршил, түүний байгалийн нөөц баялаг, цаг агаар, газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, үндэсний шинж чанар, онцлог, улс төрийн байгуулал мөн гэжээ. Эдгээр нөхцөл, хүчин зүйлсийг зөв зүйтэй холбон хэрэглэж чадвал: “N+MM+NB=SP буюу усан цэргийн флот+худалдааны флот+далайн цэргийн бааз= далайн хүчин чадал гэсэн томъёолол бий болж амьдралд хэрэгжин биелнэ гэж Мэхен үзжээ. Тэрбээр эдгээр үзэл санаа, дүгнэлтэндээ  тулгуурлаж тухайн үеийн Америк улс нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдтэй өрсөлдөж чадах далайн цэргийн их гүрэн болох ёстой гэж заасан байна.
Төр улсуудын гадаад бодлогыг геополитикийн үүднээс судлан ойлгоход Х.Маккиндер чухал хувь нэмэр оруулжээ. Тэрбээр Их Британий эзэн хааны Газарзүйн нийгэмлэгт 1904 оны 1 дүгээр сарын 5-нд Түүхийн газар зүйн тэнхлэг гэсэн сэдвээр тавьсан илтгэлдээ анх дэвшүүлэн тавьсан үзэл баримтлалаа хожим 1919, 1943  онд зарим талаар өөрчилж боловсронгуй болгожээ. Маккиндер геополитикийн үзэл баримтлалдаа дэлхийн түүхэнд түүхийн тэнхлэг төв болж эхлээд Төв Ази товойн гарсан бөгөөд тэнд татар, монголчууд өөрийн хөдөлгөөн сайтай морин цэргийнхээ ачаар нөлөө ноёрхлоо Ази болон Европын мэдэгдэхүйц хэсэгт тогтоож чадсан, харин газар зүйн агуу их нээлтүүд гарсан цаг үеэс эхэлж хүчний тэнцвэр, гол төв далайн эргийн улс гүрнүүд, тэдгээрийн дотроос нэн түрүүнд Их Британи улсад шилжсэн гэж үзсэн байна. Тэгэхдээ Маккиндер 1904 онд нэгэн шинэ үзэл санаа дэвшүүлэн тавьж түүндээ Колумбийн буюу газар зүйн агуу их нээлтүүдийн эрин үе шувтарч байна, түүний оронд тээврийн шинэ хэрэгсэл бүхий төмөр замын ачаар хуурай газрын их гүрнүүд хүчирхэгжиж, түүхийн тэнхлэг төв тэдэнд шилжин байрлаж байна, өөрөөр хэлбэл хартленд буюу газар нутгийн зүрхэн хэсэг болох төв тэнхлэг Евразид шилжлээ гэжээ. Маккиндер энэхүү үзэлдээ үндэслэж Еврази буюу Дорнод Европын бүс нутаг бол далайн цэргийн хүчин чадалтай их гүрнүүд нэвтэрч үл чадах байгалаас заяагдсан агуу том цайз бүхий бэхлэлт мөний хамт бас байгалийн баялаг, нөөцөөр баян учраас дэлхийн улс төрийн төв тэнхлэг болж байна гэжээ. Тэрбээр эл үзлээ нэгтгэн дүгнэж 1919 онд Дорнод Европыг хэн хяналтандаа оруулж эрхшээнэ үү, тэрбээр хартлендыг хянах болно, хэн хартлендыг хянавал тэрбээр дэлхийн арлыг хянана, дэлхийг арлыг хэн хянавал тэрбээр бүх дэлхийг хянана гэсэн алдарт сэдэв бүхий дүгнэлтээ томьёолон гаргасан байна.
Маккиндер дээрхи үзэл санаа, дүгнэлтээ дэлхийн I дайны дараа болон 1943 онд зарим талаар эргэн харж тодотгосон байна. Тухайлбал тэрбээр I дайны дараа дэлхийн дараагийн дайныг гаргахгүй байхын тулд Евразид цэргийн хүчний харьцааг тэнцвэржүүлэх хэрэгтэй, үүний тулд Герман ба Орос улсын завсар хооронд хараат бус орнуудын эвсэл байгуулах хэрэгтэй гэжээ. Дэлхийн II дайн ид өрнөж байсан 1943 онд тэрбээр 82 настайдаа Форин аферс сэтгүүлийн эрхлэгчийн урилгаар ярилцлага өгч түүнд хэлсэн санаагаа Бөөрөнхий ертөнц ба ертөнцийг байлдан эзлэх нь гэсэн өгүүлэл болгон бичиж түүндээ хэрэв II дайнд ЗХУ Германыг ялах юм бол тэрээр хуурай газрын агуу их хүчирхаг их гүрэн болж хувирна гэсэн байна.
Геополитикийн  сэтгэлгээ, номлолын хөгжилд германы геополитикийн дэг сургуулийн төлөөлөгчид болох Э.Банзе, В.Зиверт, К.Росс, И.Кюн, Р.Хенниг, К.Фовинкель, К.Хаусхофер нар багагүй хувь нэмэр оруулжээ.
Тэдний дотроос профессор К.Хаусхофер чухал байр суурь эзлэнэ. Тэрбээр (1869-1946) германы армийн хошууч генералын хүү байсан бөгөөд Мюнхенд Геополитикийн хүрээлэн байгуулах, Геополитикийн сэтгүүл-ийг санаачлан гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.
Хаусхофер Маккиндер ба Челлены нэгэн адил төр улсын газар нутгийн байршил, нутаг дэвсгэрийн байдал, шинж нь түүний улс төрийн ба түүхийн хувь заяаг шалтгаалуулдаг гол зүйл болно гэж үзэж байв. Хаусхофер болон түүний мэргэжил нэгт нөхдийн анхаарлын төвд тавигдаж байсан гол асуудал бол Европын ба дэлхийн том гүрнүүдийн харилцаанд Германы эзлэх байр суурь, үүрэг зорилтын тухай асуудал байв. Энэ нь Герман улсын хувьд түүний газар нутгийн хэмжээ, хил хязгаарын асуудал ямагт чухал байсантай холбоотой байв. Хаусхофер Алс Дорнод, түүний дотор Япон улсын газар зүйн байршил, геополитикт багагүй анхаарал хандуулж Японы эзэнт гүрний газар зүйн хөгжил, Номхон далайн геополитик гэсэн зохиол бичжээ.
Хаусхоферын геополитикийн үзэл баримтлалд “ цус ба шороо”, “орон зай ба байдал”, “ хүч ба орон зай”, “амьдралын орон зай” гэсэн ойлголтууд чухал байр суурь эзлэнэ. Тэрбээр төр улсын хамгийн чухал хөдөлгөгч хүч бол тэрээр өөрийн амьдралын орон зайг хангах, бас өргөтгөж тэлэх явдал мөн гэж үзсэн байна. Төр улс амьдралынхаа орон зайг өргөтгөж чадсанаар эдийн засгийн хувьд өөрийгөө хангаж, хөрш орнуудаас хараат бус болж чадна. Ийм зорилтыг биелүүлж чадах нь тухайн төр улс үнэхээрийн их гүрэн болохын үзүүлэлт, нотолгоо болох юм.
Их Британи болон далайн бусад гүрнүүдийн доройтол нь Европт шинэ дэг журам бүрэлдэн бий болж төлөвшихөд таатай нөхцөл бүрэлдүүлж байгаа бөгөөд ийм нөхцөлд пан үзэл санаа буюу нармай үзэл санаа гэдэгт үндэслэн тогтох дэлхий дахины шинэ дэг журмын тогтолцоонд Герман улс гол байр суурь эзлэх ёстой. Тийм пан үзэл санаа гэдэгт панамерик, панази, панорос, панномхон далай, панислам, паневропын үзэл санаа багтаж орно гэж Хаусхофер үзсэн байна. Тэрбээр энэхүү үзэл санаагаа 1941 онд эргэн харж хянан үзээд тэдгээрээс зөвхөн гурван бүс нутаг буюу АНУ төвтэй панамерик, Япон төвтэй Зүүн Ази, Герман төвтэй паневроп үзэл үлдэж хэрэгжих ёстой гэжээ. Ер нь Хаусхофер ба түүнтэй санаа нийлсэн судлагчдын гол санаа зорилго бол Герман улс дэлхийг эрхшээн ноёрхох ёстой. гэсэн үзлийг үндэслэлтэй болгож зөвтгөх явдал байв.
Дэлхийн II дайны үед геополитикийн сэтгэлгээнд Г.Уайжерт, Н.Спайкмен, Р.Страус-Хюпе, В.Стефанссон, О.Латимор, Д.Уилси нар багагүй хувь нэмэр оруулж өөрсдийн үзэл санааг дэвшүүлэн тавьсан байна. Тэд Америк улсын дэлхийн хэмжээнд явуулах шинэ гадаад бодлогын стратегийг боловсруулах зорилгоор ажиллаж геополитикийн хүмүүнлэгжсэн хувилбар-ыг томьёолон гаргахыг оролджээ. Америк улс дэлхий дахинд онцгой чухал үүрэг, байр суурьтай юм гэсэн санааг өөрсдийн геополитикийн үзэл баримтлалын гол төвд тавьжээ. Америк улс эл үүргээ хэрэгжүүлэн биелүүлэхэд түүний геополитикийг боловсруулах хэрэгтэй гэжээ. Жишээлбэл Р.Страус-Хюпе геополитик гэдэг бол хэн, юуг, хэрхэн дайтаж эзлэх вэ, тэгэхдээ хамгийн хялбар, хурдан аргаар эзлэж авахыг нарийн нямбай, үндэслэлтэй боловсруулан заасан төлөвлөгөө юм гэсэн байна.
Н.Спайкмен дэлхийн цэрэг армийн хүчний гурван том төв байгаа бөгөөд тэдгээр нь Атлантын далайн хойд Америкийн эрэг, мөн Атлантын далайн Европын эрэг, Евразийн Алс Дорнод хэсэг юм гэж үзээд тэгэхдээ Энэтхэг дөрөв дэх төв байж болно гэжээ. Спайкмен Маккиндерын дээр дурдсан томьёоллыг зарим талаар нь өөрчлөж: римленд буюу далайн эрэгийг хэн хянаж, эрхшээнэ үү, тэрээр Евразийг хянаж эрхшээнэ, Евразийг хянан эрхшээсэн нь дэлхийн хувь заяаг хянаж эрхшээх болно гэж томьёолжээ. Ерөөс америкийн эдгээр геополитикч эрдэмтэд дэлхийн II дайны дараа дэлхий дахинд Америк улс нөлөө ноёрхлоо тогтоох ёстой гэсэн үзэл санааг үндэслэж бататгах байр суурь баримталж байжээ. Энэ тухай ялангуяа Г.Уайжерт ил тодорхой өгүүлж Америкийн геополитикчид германы геополитикээс суралцах хэрэгтэй, Америк улс тэр дагуу Евразийг империализмын бүх хэлбэрээс чөлөөлж эрх чөлөө ба америк маягийн ардчилал тогтооход туслах ёстой гэсэн байна.
Дэлхийн II дайны дараа олон улсын харилцаа, төрийн гадаад бодлого судлал, түүний дотор геополиткийн судалгаа, боловсруулалтад энэ үед тогтон ноёрсон АНУ, ЗХУ төвтэй дэлхийн системийн хоёр туйлт дэг журам, эдгээр хоёр том их гүрэн, тэдгээрийн нөлөө, хяналтад орж байсан орнуудын эвсэл, бүлгүүдийн хоорондын олон талтай тэмцэл, зөрчилдөөн ихээхэн нөлөөлж геополитикийн сэтгэлгээ, судалгаа нь үзэл сурталжиж обьектив бодит шинжилгээнээс гажсан байна. Тэгэхдээ энэ үе хүртлэх геополитикийн судалгаанд газар зүйн байршил, нутаг дэвсгэрийн асуудал чухлаар тавигдаж байсан бол дэлхийн II дайны дараах үед геополитикийн бодлого хийгээд геополитикийн ухаанд нэлээд шинэ зүйл, үзэл санаа гарч иржээ. Тухайлбал энэ үед хөгжилтэй, хүчирхэг гүрнүүдийн цэрэг зэвсэг, тээвэр, харилцаа холбоо ихээхэн хөгжсөн, ялангуяа цөмийн зэвсэг ба түүнийг зөөгч янз бүрийн тусгалтай пуужин, техник хэрэгсэл бий болсноор улс орнуудын геополитикийн бодлого, стратеги ба тактик, сэтгэлгээнд цоо шинэ зүйл бий болсон байна. Энэ тухай шинэ үзэл санааг  А.П.Северски тод томруун илэрхийлэн гаргаж “ дэлхий ертөнц нь зөвхөн хуурай газар, далайн орон зай төдийгүй агаарын орон зайн хувьд ч АНУ, ЗХУ гэсэн хоёр том хүчирхэг төвтэй геополитикийн талбар болж хувирсан” гэжээ. Өөрөөр хэлбэл дэлхийн улс гүрнүүдийн геополитик нь газар зүйн байршилаар төдийгүй агаарын орон зайгаар ч  хэмжигдэж нөхцөлдөх болсон байна. Тийнхүү дэлхийн II дайны дараах үеэс 1980-аад он хүртлэх үеийн геополитикийн сэтгэлгээ, судалгаанд хоёр туйлт ертөнцийн дэг журам, систем тодорхойлогч нөлөө үзүүлсэн байна.
1970-аад оны үеэс дэлхийн систем, олон улсын харилцаанд АНУ, ЗХУ-аас гадна эрчимтэй хөгжиж буй шинэ улс орон, бүс нутаг бий болж идэвхтэй оролцох болсны нөлөөгөөр геополитик, олон улсын харилцаа судлал дахь уламжлалт онол, арга зүйг эргэн харж шинэчлэх зарим эхлэл, оролдлого бий болжээ. Тухайлбал америкийн судлагч Л.Кристоф Орчин үеийн геополитикчид байгаль хүнд юуг тулган хүлээлгэж байгааг олж харах гэж газрын зургийг үзэх биш, харин байгаль хүнийг юунд чиглүүлэн зүглүүлж байна вэ гэдгийг олж харахыг хичээж байна гэсэн бол америкийн өөр нэг улс төр судлагч К.Грей геополитикийн асуудлаар хэд хэдэн зохиол бичиж геополитик бол хүмүүс болон дэлхийн улс төр нь физикийн буюу биет орчиныг тусган харж, бас өөрчилж, ашиглан хэрэглэж буй үйл явцуудын хэлхээ холбооны тухай шинжлэх ухаан болно гэж нэрлэжээ.
Цөмийн зэвсэг ба түүнийг хүссэн газарт хүргэх чадалтай пуужингийн зуун бүхий шинэ нөхцөлд уламжлалт геополитикийн үзэл баримтлалыг бүхэлд нь эргэн харж засварлан өөрчлөх оролдлого бүхий үзэл санаа, дүгнэлтүүдийг францын генерал, судлагч П.Галлуа гаргаж тавьсан байна. Тэрбээр орчин үеийн дэлхий ертөнцийн геополитикийн байдал өөрчлөгөдөхөд тэдгээрийн газар зүйн байршил, орон зайн шинж, онцлогийн зэрэгцээ пуужинт цөмийн зэвсэг, агаарын орон зай, байршил шинээр нэмэгдэн гарч ирсэн явдал ихээхэн нөлөөлөв гэжээ. Тэрбээр энэхүү үзэл санаагаа тайлбарлан тодруулж хэлэхдээ цөмийн зэвсэг ба түүнийг алс хол зөөгч пуужин нь тэдгээрийг эзэмшигч улс орнуудын хоорондын хүчний харьцааг болон геополитикийн байдлыг тэдгээрийн газар зүйн байршил, хоорондын хол ойроос үл шалтгаалан тэгш, тэнцвэртэй болгож байна гэжээ. Тэрбээр түүнчлэн дэлхийн болон тив, бүс нутаг, хоорондоо хол ойр янз бүрийн байршилтай улс орнуудын хоорондын харилцаа, геополитикийн ирээдүйд орчин үеийн харилцаа холбоо, мэдээллийн хэрэгсэлийн хөгжил дэвшил, бас хүн амын ихэнх хэсэг улс төрд оролцох болсон зэрэг үйл явдал, үзэгдэлүүд сүрхий нөлөөлж байгаа нь ноцтой үр дагавартай болно гэж үзсэн байна. Орчин үеийн геополитик хийгээд түүний ирээдүйн тухай Галлуагийн үзэл баримтлал дахь өөр нэг шинэ чухал санаа бодол бол өнөөгийн төр улсуудын геополитикийн байдал, шинж чанар нь газар, далай, тэнгис, агаарын орон зайгаас гадна сансрын уудам, орон зайг эзэмших болсон явдлаар ч тодорхойлогдож хэмжигдэх боллоо гэсэн дүгнэлэт мөн болно.
Орчин үеийн геополитикийн асуудлыг судлан боловсруулахад Орос, Хятад, Япон зэрэг орнуудын эрдэмтэн судлагчид ч өөрсдийн хувь нэмрээ оруулж зарим чухал санаа бодлыг гарган тавьжээ. Тухайлбал оросын эрдэмтэд К.В.Плешаков, К.Э.Сорокин болон бусад судлагчид геополитикийг зөвхөн орон зайн үүднээс төдийгүй бусад талаас нь ч хандаж судлах хэрэгтэй, геополитик нь төр улсууд бодлогоо зөвхөн гадагш чиглүүлж эзлэн түрэмгийлэх, ноёрхоход чиглэгдэх ёсгүй, улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа, аюулгүй байдал, зөвшилцөлийг хангахад ч чиглэгдэх ёстой, үүнтэй холбоотойгоор орчин үеийн геополитикийн судалгаа, боловсруулалтын онол, арга зүйг шинэчлэх хэрэгтэй гэсэн санал бодол хэлжээ.
Геополитикийн сэтгэлгээ, үзэл баримтлалын үүсэл хөгжил, өөрчлөлтийн тухай дээр өгүүлсэн зүйлийг хураангуйлж, дүгнэлтийн байдлаар төгсгөвөл дэлхийн улс орнуудын хөгжил дэвшил, ялангуяа цэрэг арми, зэр зэвсэг, түүнчлэн тээвэр, харилцаа холбооны техник хэрэгсэлийн хөгжлийн аясаар төр улсуудын хоорондын харилцаа, геополитикийн бодлого, бүхэлдээ олон улсын харилцааны систем нь аажмаар өөрчлөгдөж геополитик нь газар нутаг, газар зүйн байршил, далай тэнгисийн орон зай гэсэн уламжлалт хэмжигдэхүүнээс халин гарч орчин үеийн цөмийн зэвсэг, пуужин, цэргийн онгоц, сансрын орон зайг судлан эзэмших болсон цоо шинэ ололт амжилт бүхий нөхцөл, хүчин зүйлсээр ч тодорхойлогдох болжээ.
Төр улсуудын геополитикийн бодлогын эдгээр бодит байдал, өөрчлөлтийг геополитикийн сэтгэлгээ, номлол тусган судлаж тэр явцад өөрөө мөн адил хөгжин өөрчлөгдөж шинэ эрэл хайгуул хийж байна.

3.    Монгол Улсын геополитик, түүний
судалгааны тухайд

Дэлхийн  аливаа улс орон өөрийн газар зүйн байршил, газар нутаг, түүний байгаль цаг агаар, хүн амын бүтэц, үндэсний онцлог, хөрш зэргэлдээ байгаа орнуудын байдалтай уялдаж нөхцөлдсөн төрийн гадаад бодлого, түүний дотор геополитикийн бодлоготой байдаг. Үүний нэгэн адил манай Монгол Улс ч геополитикийн бодлого явуулж ирсэн бөгөөд тэр нь ардчиллын замыг сонгосон 1990-ээд оноос хойш чанарын шинэ шинж агуулгатай, шинэ зорилттой болж хэрэгжиж байна.
Манай улсын геополитикийн бодлого, олон улсын харилцаанд эзлэх байр суурь, оролцоо, гүйцэтгэх үүрэг нь юуны өмнө манай орны газар зүйн байршил, байгалийн нөөц баялаг, түүнчлэн өмнөх үеийн түүхэн замнал, хөгжил, эдийн засаг, соёл, хүн амын амьдралын өнөөгийн түвшин, тээвэр, харилцаа холбооны хөгжлийн түвшин зэрэг обьектив болон субьектив хүчин зүйлсээр нөхцөлдөн тодорхойлогдож байна. Манай улсын газар зүйн байршил, нутаг дэвсгэр, түүний байгаль, цаг агаарын шинж чанар нь давуу болон сул талын алиныг ч агуулдаг. Манай орон газар зүйн байршлын хувьд Ази Тивийн төв хэсэгт хангай, хээр тал, говь хослосон, эрс тэс уур амьсгалтай бүсэд оршдог. Тийнхүү эх газарт оршдог нь хэд хэдэн давуу талтайн зэрэгцээ далайд гарцгүй, энэ нь олон улсын эдийн засгийн харилцаа, гадаад худалдаа, аялал жуулчлалд бэрхшээл учруулдаг.
Монгол улс Дэлхийн болон Ази тив, түүний төв хэсгийн бүс нутгийн геополитикийн хувьд орон зайд өөрийн газар зүйн байршлаараа хойд, урд талаасаа хоёр том гүрэн болох ОХУ, БНХАУ-тай олон мянган километр шугамаар хиллэдэг нь геополитикийн талаасаа мөн адил давуу ба сул талтай болно. Геополитикийн энэхүү байршлын давуу, ашигтай тал бол эрчимтэй хөгжиж буй, асар том зах зээлтэй эдгээр хоёр хөрш оронтой төмөр зам, хуурай зам, агаарын тээврээр харилцаж худалдаа арилжаа хийх, өөрийн асар их нөөцтэй байгалийн нөөц  баялаг болох чулуун нүүрс, зэс, алт, мөнгө, төмөрийн хүдэр, газрын тос, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой бөгөөд түүнийгээ сүүлийн жилүүдэд нилээд ашиглаж эдийн засгийн өсөлт, хөгжлөө хангах талаар ололтод хүрч байна. Нөгөө талаас эдгээр хоёр орноос шатах тослох материал, машин техник, ахуйн хэрэглээний олон төрлийн бараа материал импортоор авч байна. Эдгээр нь манай улс өөрийн орны эдийн засгийн сул талыг нөхөхөд ихээхэн ач холбогдолтой болдог.
Манай орны газар зүйн байршил бүхий геополитикийн байдалд сул талууд багагүй бий. Тэдгээр нь зөвхөн хоёр оронтой шууд хиллэдэг, дэлхийн бусад орон, ялангуяа Европ, Америк, Ази  тивийн өндөр хөгжилтэй орнуудаас олон мянган километрээр алслагдсан, тэдгээртэй худалдаа, арилжаа хийхэд тээврийн хувьд ихээхэн бэрхшээл, өртөг зардалтай юм. Гэвч дэлхий дахины өнөөгийн хөгжил, ялангуяа тээвэр, харилцаа холбоо, мэдээллийн сүлжээ, хэрэгслийн өндөр хөгжил нь манай орны газар зүйн байршлаар нөхцөлдсөн геополитикийн бэрхшээл, асуудлыг зүй зохистой шийдвэрлэж, сул талаа нөхөж арилгах, давуу талаа өсгөн нэмэгдүүлэхэд багагүй ач тус болж үр дүнгээ өгч байна. Манай улс газар зүйн байршлын жам ёсны хоёр хөршөөс гадна гуравдагч хөрштэй болох, энэ талаар алс холын АНУ, Канад, Европын болон Азийн орнуудтай олон талын харилцаа, хамтын ажиллагаатай болж байгаа нь дэлхийн орнуудын геополитик нь зөвхөн газар зүйн байршил, нутаг дэвсгэрээр нөхцөлдөх төдийгүй түүнд орчин үеийн тээвэр, харилцаа хобоо, мэдээллийн систем чухал үүрэгтэй болсны илрэл юм. Өөрөөр хэлбэл дэлхийн тив, бүс нутаг, тухайн тодорхой орнуудын геополитикт гарч буй шинэ үзэгдэл, төлөв байдал, хандлага манай оронд ч илрэн хэрэгжиж геополитикийн бодлогод ач тусаа үзүүлж байна.
Манай орны гадаад харилцаа, геополитикийн байдал, бодлого нь төрийн хэд хэдэн албан ёсны баримт бичиг, хууль эрх зүйн актуудад тусгалаа олжээ. Тэдгээрийн дотроос МУ-ын Их Хурлаас 2010 оны 7 дугаар сарын 15-нд 48 дугаар тогтоолоор батлагдсан “ Монгол Улсын Үндэсний аюулгүй бадлын үзэл баримтлал” , МУ-ын Их Хурлаас 2011 оны 2 дугаар сарын 10-нд 10 дугаар тогтоолоор батлагдсан “ МУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалыг”-ыг чухалчлан дурдах хэрэгтэй. Тэгэхдээ эдгээр баримт бичигт геополитик гэсэн нэр томъёог шууд хэрэглээгүй боловч утга агуулгаараа геополитикийн чанартай олон асуудал тусгагджээ.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-д Монгол Улсын гадаад харилцааны бодлого нь үндэсний аюулгүй байдлыг гадаад таатай нөхцөл бүрэлдүүлэх замаар хангана, ингэхдээ даяаршилын хүчин зүйлийг харгалзах, даяаршил нь улс үндэсний бусдаас хамаарах эмзэг байдлыг нэмэгдүүлж, нөгөө талаас гадаад нөөц боломжийг ашиглан үндэсний ашиг сонирхлоо хамгаалах боломж олгож байна гэсэн үзэл санаа агуулагджээ. Ялангуяа Үзэл баримтлалын Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гадаад орчин, тулгамдаж байгаа сорилт, бэрхшээл гэсэн хоёрдугаар хэсэг, Үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг, хангах арга замгэсэн гуравдугаар хэсэгт геополитикийн утга агуулгатай олон зүйл томьёологдсон байна. Тухайлбал 3.1.1.2-т Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үндсэн арга нь улс төр, дипломатын үйл ажиллагаа байна. Энэ хүрээнд олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг эрхэмлэж, дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ”; 3.1.1.4-д ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ гэж заасан бол 3.1.1.5-д Гуравдагч хөрш-ийн бодлогын хүрээнд өндөр хөгжилтэй ардчилсан улсуудтай улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ”; 3.1.1.6-д Хөрш хоёр орон, АНУ, НАТО-гийн гишүүн орнууд, Европын Холбоо, Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт хоёр болон олон талын харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж, олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд идэвхтэй оролцно гэж заасан байна.
Үзэл баримталын 3.1.2.1-д Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах зарчимтай уялдуулан Монгол Улсын газрын сангийн нэгдсэн бодлого, удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоно гэж манай улсын геополитикийн чухал бүрдэл хэсэг болох нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын талаар заажээ.
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал-д геополитикийн бодлого, зорилт, тэдгээрийг хэрэгжүүлэх зарчим, арга замын талаар олон зүйлийн заалтууд орсон байна. Баримт бичгийн оршил хэсэгт дэлхийн хэмжээний геополитикийн нөхцөл байдал, орчин, шинж чанарт гарсан өөрчлөлтийг: “XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна. Олон улсын харилцаа өнгөрсөн зууны сүүлийн хагасын хоёр туйлт үеийнхээс эрс өөрчлөгдлөө. Хөгжлийн шинэ томоохон төвүүд тодорч, олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна. Нөгөөтэйгүүр, улс орнуудын хөгжлийн хурд, түвшин, улам бүр ялгарч, буурай, эмзэг эдийн засагтай улсуудад ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Зарим улс, бүс нутагт цөмийн зэвсэгтэй болох оролдлого үргэлжилж, хурцадмал байдал намжихгүй байна гэж тодорхойлон заажээ.
Нийтлэг үндэслэл гэсэн хэсэгт геополитикийн бодлогыг өөртөө багтаан агуулдаг гадаад бодлого нь Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд тулгуурлах, зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал болохыг заасан байна.
Улс төрийн гадаад харилцааны бодлого гэсэн хоёр дахь хэсэгт  ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцах, АНУ, Япон, Европын Холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой гуравдагч хөрш –ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтыг томьёолон тавьжээ. Эдгээр заалт Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-ын холбогдох заалтуудыг зарим талаар нь тодотгож шинэ зүйл нэмсэн нь харагдаж байна.
Монгол улсын гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаа 1990-ээд оноос хойш шинэчлэгдэн хөгжиж түүнтэй уялдан геополитикийн асуудал чухлаар тавигдаж байгаатай уялдан манай эрдэмтэд, тухайлбал олон улсын харилцаа, төрийн гадаад бодлого судалдаг эрдэмтэд энэ чиглэлийн судалгааг идэвхжүүлж олон чухал ном зохиол бичиж нийтлүүлсэн байна. Эл асуудлыг судалдаг эрдэм шинжилгээний гол байгууллага бол ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн юм. Хүрээлэнгийн эрдэмтэд Монгол Улсын гадаад бодлого, харилцаа, түүний геополитикийн асуудлыг судлаж олон тооны ном бүтээл бичсний хамт улирал тутмын Олон улс судлал гэсэн сэтгүүлийг тогтмол гаргадаг байна.
МУИС-д Олон улсын харилцааны сургууль 1991 онд байгуулагджээ. Эл сургуулийн эрдэмтэн багш нар олон улсын харилцаа, төрийн гадаад бодлого, геополитикийн асуудлаар олон тооны ном, сурах бичиг, гарын авлага нийтлүүлсэн байна. Сургууль нь олон улсын харилцааны ирээдүйн мэргэжилтэн, судлагчдыг бэлтгэж байгаа билээ.
Олон улсын харилцаа, төрийн гадаад бодлого, геополитикийн асуудал судалдаг манай олон эрдэмтэн судлагчид бий бөгөөд тэдгээрийн дотроос доктор, профессор С.Дамдинсүрэн, Л.Хайсандай, Ц.Батбаяр, О.Батсайхан, О.Хосбаяр, Д.Баярхүү зэрэг тэргүүлэх эрдэмтэдийг дурдах хэрэгтэй. Тийнхүү манай оронд геополитикийн судалгаа, боловсруулалт идэвхтэй хөгжиж онол-танин мэдэхүйн болон сургалт, практикийн ач холбогдолтой ном бүтээл, өгүүлэл олноор гарч байна.