Search This Blog

Saturday, April 12, 2014

АНУ дахь улс төрийн намын санхүүжилт

Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг зохицуулж ирсэн туршлага
АНУ-ын ерөнхийлөгч-конгрессийн хосолсон төрийн тогтолцоо нь  парламентын болон нам төвтэй улс төрийн бодлого явуулдаг Канад болон Баруун Европын орнуудаас огт өөр санхүүжилтийн загварыг бий болгосон ажээ. АНУ-д улс төрийн намуудыг төрөөс шууд болон шууд бус хэлбэрээр санхүүжүүлдэггүй бөгөөд зөвхөн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хэрвээ сонгуулийн кампанит ажлын үед зарцуулах мөнгөний дээд хэмжээг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд татвар төлөгчдийн мөнгөнөөс 3 долларыг тусгай санд төвлөрүүлэн мөнгө олгодог байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд зарцуулах мөнгөний дээд хэмжээг амьжиргааны өртгийн өсөлтийг тооцож өөр өөрөөр тогтоодог бөгөөд 2008 оны сонгуулийн зарцуулалтын хязгаарыг 80 сая доллароор тогтоосон байна.
АНУ-д мөнгө ихэнх тохиолдолд шууд нэр дэвшигчид болон түүний хувийн кампанит ажлыг зохион байгуулж буй байгууллага руу очдог. 1971 оны Холбооны сонгуулийн кампанийн хууль нь улс төрийн намын эрх мэдлийг сулруулахыг зорьсон байна. Сонгуулийн кампанит ажлын стратеги, тактик, ялангуяа радио, телевиз, интернет нь тухайн нэр дэвшигчийн хувийн дүр төрхийг түлхүү харуулах болсноор намын ижилсэл буурч, бүр үл хэрэглэгдэх болсон нь намын статусыг нэлээд багасгаж байна.
АНУ-д сонгууль, кампанит ажил, санхүүжилтийн асуудлыг Холбооны сонгуулийн хороо хариуцан  (ХСХ) ажилладаг. Уг хорооны гишүүдийг ерөнхийлөгч томилж, сенат баталдаг бөгөөд хоёр нам тус бүрийг төлөөлсөн 6 гишүүнээс бүрддэг. Уг хорооны бүрэн эрхийн хугацаа нь 6 жил бөгөөд дахин сонгогддоггүй. Уг хороо нь захиргааны болон хууль сахиулах үүргийг зэрэг гүйцэтгэдгээрээ онцлогтой.
ХСХ нь  АНУ-ын Конгресс, Ерөнхийлөгчийн сонгууль, намын болон намын бус хороодын асуудлыг зохицуулж, хэрэг таслах үүргийг гүйцэтгэдэг. Хороо нь шүүхэд дуудах, торгууль ноогдуулах эрхтэй. Гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг АНУ-ын ерөнхий прокурорт мэдээлэх үүрэгтэй. Мөн гомдол ирсэн тохиолдолд кампанит ажлын санхүүжилтэд аудит хийлгэдэг.
АНУ-д улс төрийн намын санхүүжилтийн мэдээллийг олж авахад маш хялбар байдаг. ХСХ нь мэдээлэл авахыг хүссэн хүн болгонд нээлттэй газрыг Вашингтон хотод байгуулжээ. Уншихад ойлгомжтой тайлан мэдээг интернетээр харж болохоос гадна, санхүүгийн баримтууд 24 цагийн дотор уг сайт дээр тавигддаг. 50,000$, түүнээс дээш хэмжээтэй мөнгөний тайлан мэдээг нэр дэвшигч, сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулж буй хороод электрон хэлбэрээр заавал тавих ёстой. Уг тайлан мэдээ нь нэр, хаяг, он сар өдөр, мөнгөний хэмжээг заавал агуулсан байх ёстой. ХСХ нь улирал тутамд мэдээллийн хэрэгсэл, олон түмэнд зориулагдсан баялаг тоо баримт бүхий тайланг хэвлэн гаргадаг.
1970-аад оноос Америкийн улс төрийн намууд зөөлөн мөнгийг сонгуулийн үеийн зар сурталчилгаанд ихээр зарцуулах болсон байна. Ялангуяа 1988 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш зөөлөн мөнгөний эмх замбараагүй урсгал улс төрийн намууд руу орох болжээ. АНУ-д сонгуулийн зар сурталчилгаа нь жишээлбэл: “Обамаг сонго”, ”Маккейныг бүү сонго”, ”Обамаг дэмж”, “Маккейнд ялагдал” гэсэн үгийг агуулж болдоггүй учраас асуудлыг сурталчилсан зар сурталчилгааг ашигладаг. Энэ нь тодорхой нэр дэвшигчийн нэрийг оруулахгүйгээр түүнийг дам байдлаар дэмжсэн сурталчилгаа юм. АНУ-д сонгуулийн кампанит ажлын үеийн зар сурталчилгаа нь хамгийн өртөг өндөртэй байдаг учир зөөлөн мөнгөний ихэнх хувь үүнд зарцуулагддаг байна. Ийм төрлийн зар сурталчилгаа болон зөөлөн мөнгийг багасгах зорилгоор 2002 онд хоёр намын кампаний шинэчлэлтийн хууль батлагдан гарчээ. Энэхүү хуулиар анхан шатны сонгууль явагдахаас 30 өдрийн өмнө, бүх нийтийн сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө нэр дэвшигчийн нэрийг дурдсан зар сурталчилгааг Улс Төрийн Үйл Ажиллагааны хороод (УТҮАХ)-ийн зүгээс телевиз, радиод төлбөр төлөн явуулахыг хориглосон байна. УТҮАХ-ийг үйл ажиллагаа шинэ хуулиар хязгаарлагдмал болсноор 527-ийнхон гэж нэрлэгдэх болсон татвараас чөлөөлөгддөг шинэ байгууллага үүссэн бөгөөд эдгээр нь сонгуульд зориулж шууд зарлага гаргадаггүй учраас холбооны сонгуулийн хорооны хяналтаас гадуур үлдэж чаджээ[1]. Энэхүү байгууллага нь холбооны татварын хуулийн 527 дугаар зүйлийн хүрээнд байгуулагдсан тул ийм нэр авсан байна.
2010 онд дээд шүүх хандив болон зарцуулалтын олонхи хязгаарыг хүчингүй болгосноор супер УТҮАХ байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэхүү байгууллага нь хувь хүн, корпораци, үйлдвэрчний эвлэлээс асар их мөнгийг хандиваар авах боломжтой юм. 

Санхүүжилтийн харилцааг зохицуулж буй хууль, эрх зүйн тогтолцоо
АНУ-д 1867 онд боомтын ажилчдаас сонгуулийн кампанит ажилд хэрэглэх зорилготойгоор мөнгө татаж авахыг хориглосон хууль гаргасан нь улс төрийн санхүүжилтийг зохицуулсан анхны хууль байв. 1907 онд корпораци болон банкуудыг, 1943 онд үйлдвэрчний эвлэлийг нэр дэвшигчдэд хандив өгөхийг хоригложээ. 1911 онд сенат болон конгресст нэр дэвшигчдэд 100 доллараас дээш хандив өгсөн бол хандивлагчийн мэдээллийг  ил тод болгох, кампанит ажлын зардлын дээд  хэмжээг тогтоож өгсөн хууль батлагдсан байна.
АНУ-д улс төрийн намын сонгуулийн санхүүжилтийн асуудлыг 1971 онд батлагдсан Холбооны сонгуулийн кампанийн хууль, 2002 онд батлагдсан Хоёр намын сонгуулийн кампаний шинэчлэлтийн хууль хоёроор  зохицуулж байна. 1971 оны хуулинд  1974 , 1976, 1979 онуудад нэмэлт өөрчлөлт оруулжээ. 1974 оны нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн үеийн хандив, зарцуулалтыг хянах үүрэгтэй Холбооны сонгуулийн хороо гэсэн бие даасан агентлагийг бий болгожээ. 1976 оны нэмэлтээр мөнгөний зарцуулалтанд хязгаарлалт тогтоосон, 1979 оны нэмэлтээр нэр дэвшигчээс гадна улс төрийн намд хандив өгөхийг зөвшөөрсөн байна. Одоо улс төрийн намын санхүүжилтийг 2002 онд батлагдсан Хоёр намын кампанийн шинэчлэлтийн хуулиар түлхүү зохицуулж байна.
АНУ дахь улс төрийн намын санхүүжилтийг Холбооны сонгуулийн кампанийн хууль, Холбооны сонгуулийн тухай хууль, Конгрессийн тухай хууль, Дотоодын санхүүгийн тухай хууль, Гэмт хэрэг болон мөрдөн шалгах үйл ажиллагааны тухай хууль, Шүүх, шүүн таслах үйл ажиллагааны тухай хууль, Эх оронч болон үндэсний зан заншил, ёслолын тухай хууль, Цахилгаан мэдээ, утас, радио утасны тухай хууль, Хоёр намын кампаний шинэчлэлтийн тухай хуулиар зохицуулдаг бөгөөд эдгээр хуулиуд нь нийтдээ 800 гаруй хуудсаас бүрэлддэг[2].


Улс төрийн санхүүжилтийн эх үүсвэр
АНУ дахь улс төрийн мөнгийг хатуу, зөөлөн гэж хоёр хуваадаг. Хатуу мөнгө нь нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа зохион явуулахад, зөөлөн мөнгө нь улс төрийн намд сонгууль болон нэр дэвшигчтэй шууд холбоогүй намын үйл ажиллагааны зардалд өгч байгаа мөнгө юм. Зөөлөн мөнгө нь хувь хүн, улс төрийн үйл ажиллагааны хороодоор (УТҮАХ) дамжин улс төрийн намуудад очдог. Сонирхлын бүлгүүд, үйлдвэрчний эвлэл, корпораци нь улс төрийн нам, нэр дэвшигчид хандив өгөхийг хүсвэл УТҮАХ –аар дамжуулж өгөх ёстой болдог. Учир нь холбооны зохицуулалтын хуулийн дагуу эдгээр байгууллагууд хандив өгч болдоггүй. Иймээс  УТҮАХ нь нэр дэвшигч, намд зориулж хандив цуглуулдаг[3].
            Дараах төрлийн хандивуудыг холбооны хуулиар хориглосон байдаг[4]. Үүнд:
-       Корпораци,  эвлэл, үндэсний банк
-       Засгийн газартай гэрээгээр ажиллагч байгууллагууд. Тухайн  байгууллагад ажиллагсад хувийн хандив өгч болно.
-       Гадаадын иргэд, байгууллага, засгийн газар, улс төрийн нам, ногоон картгүй цагаачид
-       100 доллароос дээш хэмжээтэй бэлэн мөнгө бүхий хандив
-       Өөр хүний нэр дээрх хандив
Өдгөө АНУ-д 2009 оны 1 дүгээр сарын 1 - ний байдлаар 4611 УТҮАХ байна[5]. Тэд зөвхөн 1997-1998 оны сонгуулийн жилд 502 сая доллар цуглуулж 470 саяыг нь зарцуулсан байна[6]. Тэд УТҮАХ нь холбогдсон болон холбогдоогүй гэсэн хоёр хэлбэртэй. Холбогдсон УТҮАХ нь корпораци, үйлдвэрчний эвлэл, сонирхолын бүлгүүдээс үүсдэг бол холбогдоогүй УТҮАХ нь дээр дурдсан байгууллагуудтай холбоогүй, тэднээс санхүүжилт авдаггүй, иргэдээс хандив авдаг. УТҮАХ нь 1944 онд ерөнхийлөгч Ф.Рузвельтийн сонгуулийн кампанит ажилд зориулж мөнгө босгох үүднээс үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн сайн дурын хандиваар санхүүжин анх байгуулагджээ. Үүнээс хойш энэхүү байгууллага нь АНУ-ын улс төрийн санхүүжилтийн гол эх үүсвэр болсон юм.
УТҮАХороод нь хүснэгт 8 дээр дурьдсан хэмжээний мөнгийг нэр  дэвшигч болон намд хандивлах эрхтэй боловч нэр дэвшигч болон улс төрийн намаас зохион байгуулаагүй үйл ажиллагаа, зар сурталчилгаанд ямар нэг хязгаарлалтгүйгээр мөнгө зарцуулах эрхтэй байдаг.
АНУ-д сонгуулийн кампаний хандивын хэмжээг инфляцийг тооцон дараах байдлаар тогтоосон байдаг.

Хүснэгт 1. АНУ дахь нам, нэр дэвшигчдэд 2011-2012 онд өгөх хандивын хязгаар[7]

Хувь хүн
Нэр дэвшигч, эсвэл нэр дэвшигчийн сонгуулийн хороонд
Үндэсний намын хороонд
жилд нэг удаа
Муж, дүүрэг, орон нутгийн намын хороонд жилд нэг удаа
Өөр бусад улс төрийн хороонд
Тусгай хязгаар
2.500 $
30.800 $
10.000 $
5.000 $
46,200 $ бүх нэр дэвшигчидэд
70,800 $ бүх PAC болон улс төрийн намуудад
Үндэсний намын хороо
5.000 $
Хязгаар байхгүй
Хязгаар байхгүй
5,000 $
Хязгаар байхгүй
Муж, дүүрэг, орон нутгийн намын хороо
5.000 $ (нэгтгэсэн хязгаар)
Хязгаар байхгүй

Хязгаар байхгүй
5,000 $ (нэгтгэсэн хязгаар)
Хязгаар байхгүй
УТҮАХ (олон нэр дэвшигч)
5.000 $
15,000 $
5,000 $ (нэгтгэсэн хязгаар)
5,000 $
Хязгаар байхгүй
УТҮАХ (олон нэр дэвшигчгүй)
2.500 $
30,800 $
10,000 $ (нэгтгэсэн хязгаар)
5,000 $
Хязгаар байхгүй
Эрх бүхий кампаний хороо
2.000 $
Хязгаар байхгүй
Хязгаар байхгүй
5,000 $
Хязгаар байхгүй

АНУ-д кампанит ажлын зарцуулалтын хязгаарыг зөвхөн ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэдэг бөгөөд конгрессийн болон сенатын сонгуулийн кампанит ажилд зарцуулах мөнгөнд ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Сенатын нэг нэр дэвшигч сонгуульд дундажаар 2.2 сая, ялагч 4.8 сая доллар, конгресст нэр дэвшигч дундажаар 468.000, ялагч 900.000 доллар зарцуулдаг ажээ[8].
            АНУ-д 200 $ -оос дээш хэмжээтэй мөнгийг олон түмэнд ил болгохыг 2002 онд батлагдсан Хоёр намын шинэчлэлийн хуулиар шаардах болсон байна. Улс төрийн нам, нэр дэвшигч сонгуулийн өмнө болон дараа нь тайлан мэдээ гаргаж өгөх ёстой. Энэ талаарх мэдээллийг зураг 5-аас дэлгэрэнгүй харж болно.
Олон түмэн улс төрийн нам, нэр дэвшигчийг хэн санхүүжүүлж байгааг мэдэхийг үргэлж хүсч байдаг. Эндээс “хэн, хэнд ямар зорилгоор ямар хэмжээний мөнгийг хэзээ өгөв” гэсэн асуулт гарч ирдэг.



Зураг 2. АНУ дахь санхүүжилтийг ил болгох үйл явц

Хэн ил болгодог                  Юу ил болдог                                    Хэнд яаж
                                                           
Хандив болон зээл
(Хандивлагч, зээлдэгчийн нэр, он сар, хэмжээ)


Мөнгөн бус хандив
(хандивлагчын нэр, он сар, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ цэнэ, хэлбэр)

Зарлага
(борлуулагчын нэр, он сар, зорилго, хэмжээ)

           
                                               

Улс төрийн намууд


ОНМХ, ТББ, улс төрчид, эрдэмтэн судлаачид, олон нийт


                                                                       
Сонгуулийн ерөнхий хороонд
                                                            

                                                           
Нэр дэвшигчид болон тодорхой ашиг сонирхолууд
                                                                                                                          
                
 


Интернет, факс, фото хуулбар,
хэвлэмэл байдлаар





2002 онд шинээр батлагдсан хуулийн хамгийн том цоорхой нь асуудлын сурталчилгаанд зарцуулсан мөнгийг ил тод болгох тухай заалт юм. Дээд шүүх ийм төрлийн сурталчилгааны тайланг холбооны сонгуулийн хороонд ил болгон тайлагнах албагүй гэж шийдвэрлэсэн байна. УТҮАХ-ын сурталчилгаанд зарцуулдаг мөнгийг хязгаарлаж чадсан ч 527-ийн бүлгийнхэн хязгаарлалтаас ангид үлдэж чадсан юм.
            АНУ-ын сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох систем хэдийгээр үр ашигтай, бусад улс орнууд авч хэрэглэх боломжтой ч гэсэн хэтэрхий нээлттэй, ил тод учир улс орон болгонд өөр өөрөөр нөлөөлж болно. Тухайлбал, Украйн шиг улс оронд сөрөг хүчний намд өгсөн хандив нь тоо томшгүй татвар, галын байцаагчийг хандивлагч дээр хөтлөн аваачиж үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байдлыг үүсгэж болно.
            АНУ дахь сонгуулийн кампанийн санхүүжилтийн хууль нь 15-20 жил тутамд шинэчлэгдэх төлөвтэй байгааг судлаач Насмахер тэмдэглэсэн байна[9]. АНУ дахь боломжит хамгийн том өөрчлөлт нь 527-ийн бүлгийнхэнтэй холбоотой хийгдэх төлөвтэй байгаа бөгөөд зөөлөн мөнгөний ирээдүйг тодорхойлох болно.
            Санхүүжилтийн ийм ил тод байдал нь авилгын эсрэг хамгийн сайн хамгаалах бодлого болж өгдөг бөгөөд АНУ болон Канадад далд мөнгө, эсвэл нууц донорын тухай шуугиан бараг гардаггүй. Манай улс ч гэсэн АНУ болон Канадын авилгын эсрэг бий болгосон энэхүү хамгаалалтын системээс сурах боломжтой билээ.

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
Хууль зөрчигчдөд оногдуулах шийтгэлийн тухайд хэргийн нөхцөл байдлаас хамаарч 50.000 хүртэл доллараар торгох, 5 хүртэл жилээр хорих ялаар шийтгэдэг байна. АНУ-ын намын санхүүжилттэй холбоотой хуулиудаас харахад улс төрийн намын санхүүжилтийг маш нарийн зохицуулсан байгаа бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой зааж өгчээ. Гэхдээ АНУ-д хууль зөрчигсдийн эсрэг сонгуулийн ерөнхий хорооноос мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж асуудлыг шийдэхийн тулд асар их хугацаа алддаг байна. Энэ нь олон шат дамжлага бүхий үйл явцаас болдог. Тухайлбал, 2004 онд 181 хэрэг шалгагдаж, 72 хэрэг хаагдсан бөгөөд нэг хэргийг хаах хугацаа нь 790 өдөр, нийт оногдуулсан торгуулийн хэмжээ 3 сая доллар, 2008 онд 194 хэрэг шалгагдаж 71 хэрэг хаагдаж, нэг хэргийг хаах хугацаа нь 525 өдөр, торгуулийн хэмжээ 2.3 сая доллар, 2010 онд 179 хэрэг шалгагдаж, 135 нь хаагдаж, нэг хэргийг хаах хугацаа нь 340 өдөр, торгуулийн хэмжээ 672.000 доллар болсон байна. Хамгийн түгээмэл тохиолддог зөрчлүүдийн тоонд тайлангын мэдээ баримт дутуу, хандивын хэмжээ, зарцуулалттай холбоотой хэргүүд орж байна[10]. Эндээс ажиглахад жил ирэх тусам хэргийг шийдвэрлэж хаах хугацаа, оногдуулах торгуулийн хэмжээ багасч байгаа нь ажиглагдаж байна.




[1] Code of Federal regulations. Title 26. Federal elections. Revised as January 1. 526
[2] Federal election campaign laws. Compiled by FEC.2008, Code of Federal regulations. Title 11. Federal elections. Revised as January 1. 2011.
[3] Code of Federal regulations. Title 11. Federal elections. Revised as January 1. 2011. 114.2, 144.5
[4] Code of Federal regulations. Title 11. Federal elections. Revised as January 1. 2011. 115, 110.20,110,4
[5]http://www.fec.gov/   News release. March 9, 2009
[6] Austin, R. and Tjernstrom. The International IDEA Handbook series: Funding of Political Parties and Election Campaigns. 2003. p 40.
[7] Contributions. FEC. 2004. Updated February 2011. р. 2
[8] www.OpenSecrets.org. сенат, конгресс, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намуудын сонгуулийн үеийн санхүүгийн тайлан мэдээ хүн тус бүрээр дэлгэрэнгүй нийтлэгдсэн байдаг.
[9] Nassmacher, Karl-Heinz: ‘Comparative Political Finance in Established Democracies
(Introduction)’, in: Nassmacher, Karl-Heinz (Ed.): Foundations for Democracy. Approaches to
Comparative Political Finance, (Baden-Baden: Nomos, 2001), 9-33.
[10] Supplemental statistics for fiscal years 2003-2010. FEC. 2011

No comments:

Post a Comment